Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Тус сэрэмжлүүлэгт "БНСУ-д оршин суугаа иргэдийн дунд урт хугацаанд оршин суух статус бүхий “G-1, D-10-2 виз гаргаж өгнө”, “дүрвэгчийн виз баталгаатай гаргана”, “урт хугацаанд, саадгүй оршин суулгана” гэх мэт агуулгатай Солонгос, Монгол иргэдийн хамтарсан визийн брокерын хууль бус зуучлалын зар, мэдээллийн мөрөөр хохирох, гэмт хэргийн холбогдогч болох тохиолдол гарч байгаатай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг иргэд Та бүхэнд хүргэж байна.
Дээрх брокер, зуучлагчид нь ихэвчлэн цахим сүлжээ, мессенжер, фейсбүүк группын хуудас, танилын хүрээгээр дамжуулан иргэдтэй холбоо тогтоож, оршин суух зөвшөөрлийг баталгаатай гаргаж өгнө гэсэн бодит үндэслэлгүй амлалт өгч, худал хуурмаг шалтгаан бүхий дүрвэгчийн өргөдөл, хуурамч бичиг баримтыг өмнөөс нь бүрдүүлж өгөх зэргээр иргэдийг хохироож, хуулийн хариуцлага хүлээлгэх зэрэг эрсдэл үүсгэж байна.
G-1 ангиллын виз нь БНСУ-д онцгой нөхцөл байдлын улмаас түр хугацаанд оршин суух зайлшгүй шаардлагатай гадаадын иргэдэд олгодог виз юм. Тухайлбал, шүүх болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогч, холбогдогчоор оролцож буй этгээд, урт хугацааны эмчилгээ зайлшгүй шаардлагатай иргэн, хүчирхийллийн хохирогч зэрэг албадан гаргах боломжгүй нөхцөл үүссэн иргэдэд тухайн байдлыг нэг бүрчлэн судалсны үндсэн дээр БНСУ-ын Цагаачлалын байгууллагаас олгодог.
G-1 визийн оршин суух хугацаа нь ихэвчлэн 6 сар, сунгалт хийх эсэхийг тухайн нөхцөл үргэлжилж байгаа эсэх, холбогдох нотлох баримтын бүрдэл хангагдсан эсэхэд үндэслэн цагаачлалын байгууллагаас шийдвэрлэдэг. Уг виз нь ажил эрхлэх болон байнгын оршин суух эрх олгодоггүй.
Иргэд визийн брокер, зуучлагчдын заавраар худал мэдээлэл бүхий бичиг баримт бүрдүүлэх, зохиомол түүхээр өргөдөл гаргах, эсхүл бусдыг хамруулсан хамтын хүсэлт гаргасан тохиолдолд виз олгогдохгүй байх төдийгүй Таныг суугаа орны хуулийн байгууллагаас шалгах, саатуулах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, албадан гаргах зэрэг ноцтой хууль зүйн үр дагаварт хүрэх эрсдэлтэй.
БНСУ-ын Цагаачлалын хяналтын тухай хуульд “оршин суух статус өөрчлөх зөвшөөрөл авахтай холбоотойгоор хуурамчаар үйлдсэн, эсхүл засварласан баримт бичгийг нотлох материал болгон бүрдүүлэх, хууль бус аргаар визийн хүсэлт гаргах, түүнчлэн ийм үйлдлийг зуучлах, ятгахыг хориглоно” гэж заасан байдаг. Уг хуулийг зөрчсөн тохиолдолд 3 хүртэлх жилийн хугацаагаар хорих ял, эсхүл 30 сая хүртэлх воны торгууль ногдуулах зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг.
Иймд иргэд Та бүхэн аливаа зуучлал, төлбөр нэхсэн хууль бус саналд болгоомжтой хандаж, виз болон оршин суухтай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны байгууллага, хууль ёсны эх сурвалжаас авах, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна" гэлээ.
