Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж байсан УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд нь улс төрд орохоор 2013 оноос эрчимтэй хөөцөлдөж, өдөр тутмын сонинуудад эдийн засаг, банк санхүүгийн асуудлаар ярилцлага өгдөг гол эх сурвалжуудын нэг нь болж байв.
Тухайн үедээ Олон улсын валютын санд ажилладаг учраас эдийн засгийн асуудлаар дуугарахад нь олон хүн дэмжиж байсан нь үнэн. Ийнхүү уйгагүй явсаар 2016 онд Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ гэгчийг байгуулалцаж, Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон бөгөөд 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож, өдгөө хоёрдахь удаагаа улиран сонгогдоод байна. Энэ хугацаанд намынхаа нэрээр хамтарсан Засгийн газарт ажиллаж, том төслүүд хариуцсан Шадар сайдын алба эрхлэх болсон бөгөөд “Эрчим хүчний реформын үндэсний хороо” гэгчийг байгуулан төрөөс 10 тэрбум төгрөг авч, лоббид ашигласан гэгддэг.
Тэрбээр, 2025 онд “Эрчим хүчний хараат байдлаас хоёр жилийн дараа гарахгүй бол би энэ улсаас явна” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа үлджээ. Гэтэл лобби бүлэг байгуулан 10 тэрбумыг “идэж”, эрчим хүчний үнийг нэмсэн ч түүгээрээ нэг ч станцад шинэчлэл өөрчлөлт хийж чадаагүй эрхэм сайдад УИХ-ын өөр нэг гишүүн нь шүүмжлэлтэй үг хэлсний төлөө “Би энэ улс төрөөс чинь зайлаад өгье” хэмээн уурлаж эхлэх нь тэр. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ө.Шижир “Манай Т.Доржханд сайд болоод цахилгааны үнэ нэмсэн. Сайд болоод ганц хийсэн ажил нь тэр. Үр дүнд нь өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн дээ. Хэлсэндээ хүрээд улс төрөөс явбал яасан юм” хэмээн бичсэн байна билээ. Харин үүнд нь эгдүүцсэн эрхэм сайд “Би улс төрөөс яваад өгч болно. Гэхдээ чамшиг мояа-нуудаас болж явахгүй” гэх мэтээр твиттер хуудсаараа тэд муудалцаж, улс төрийн мэдэгдэл хүртэл гаргах нь тэр.
“Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй
Үхэр унасан хүнд нохой өшөөтэй” гэдэгчлэн чин үнэнийг хэлэхэд Т.Доржханд сайдад эндээс өөр хийсэн зүйл байгаагүй нь үнэн. Хаа нэг олон улсын том хуралд очиж, тийм ч гарын үсэг зурлаа, ингэж реформ хийхээр шийдлээ гэдэг ч бодит байдал дээрээ тог тасарсан хэвээр л байгаа. XXI зуунд монголчууд лаа барьж, шүдэнзний эрэлд гарч, лифтэндээ гацаж байна гэдэг нь сайд Т.Доржханд зөв ажиллаж чадаагүй, том төслүүдээ зөв эрэмблээгүй, эрчим хүчний салбарт реформ хийж чадаагүйг илтгэнэ.
Хоёрхон жилийн дараа бид эрчим хүчээ экспортлох болно гэсэн түүний худал амлалт хэрэгжээгүй гэсэн үг. Гэтэл шүүмж хэлсэн улстөрчийг орк хэмээн доромжилж, чамаас дээр хүн шүү, би энэ улс төрөөс чинь зайлаад өгч чадна хэмээн уурлаж сууна гэдэг төлөвшөөгүй улстөрчийн шинж билээ. Төрийн ордонд бүр согтуу орж ирдэг, архи уудаг хэмээн Ө.Шижир гишүүн ч түүнийг ил цагаан чимхсэн гэхээр эрхэм төрийн түшээ маань төр улсаа согтуу түшиж, эрчим хүчний реформдоо бус хундага сархаданд ач холбогдол өгч суудаг бололтой шүү.
