ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Physical Ulaanbaatar” тэмцээнд оролцож буй монголчууддаа баяр хүргэе

O.Admin
1 цагийн өмнө

Жилийн дөрвөн улиралтай, эрс тэрс уур амьсгалтай Монгол Улсад амьдарч буй монгол хүмүүсийг дэлхийн аль ч улс оронд очсон дасан зохицох чадвар өндөртэй гэж үнэлдэг гэнэ шүү. Үүнийгээ ч бид саяхан “Physical asia” тэмцээнд оролцохдоо нотолсон.

Хоёр тамирчин маань хүнд баганыг хоёр гараараа тогтоох тэмцээнд бараг л Гиннесийн амжилт тогтоож, олсон дээр олон цагаар тэсэж, тогтох тэмцээнд Э.Лхагва-Очир маань ёндоорсон нь автобусанд олон цагаар өлгөгдөж явдаг, урагш хойш ухасхийж явдаг хүйтэн автобусандаа унахгүйн тулд хоёр талаасаа зуурдаг давуу тал маань нөлөөлсөн гэнэ лээ.

Ерөөс энэ улсад бид үе давдаг тоглоомонд өдөр тутамдаа оролцож л тэсэж үлддэг, хэн тэвчээртэй, ёндоотой л амьдардаг болсон бөгөөд эрхэм дарга нар маань ч дэлхийн энэ мэт тэмцээн уралдаанд иргэдээ шат дараатай бэлтгэх үүднээс жил бүхэн л шинэ, шинэ тоглоом, сорил нэмсээр байдаг гэнэ лээ. Бас л гоё сэтгэжээ, дарга нар маань. Монгол Улсын иргэн бүхэн л нийслэл хотдоо “Physical Ulaanbaatar” тэмцээнд оролцож байдгийг дэлхийн олон улс орон мэддэг байх даа.

Өвөлдөө уран гулгалт, зундаа усанд сэлэлт, намар, хавартаа хүчтэй шуурганы өөдөөс сөрөн тэсэх чадвараа, асар олон хог хаягдал амандаа үмхэх чадвартайгаа хамт үнэлүүлдэг. Нэмээд хорт утаанд хэр удаан тэсэж үлдэх вэ тэмцээнд монголчууд олон арван жилийн турш асар өндөр зохион байгуулалттай бэлтгэгдлээ.

Дэлхийн ямар ч тэмцээнд бид ялалтын туг өргөх нь дамжиггүй. Уушгины багтаамжийн тэмцээнд бараг улсаараа түрүүлэх байх шүү. Саяхнаас эрхэм дарга нар маань хахир хүйтэн өвлөөр ч хамаагүй хэн 10 мянга алхах вэ гэдэг тэмцээн нэмснээр цаашдаа хүйтэнд алхах тэмцээнд ч ажрахгүй болов, бид. Ингээд болоогүй тэрхүү тэмцээнд оноо авснаараа автобусанд суух эрхээр шагнуулна гэж байгаа.

Энэ үеийг л давчихвал учиртай, энэ өвлийг л давчихвал учиртай хэмээн тоглоомоос тоглоомын хооронд улам л чадварлаг, ухаалаг болж, баргийн зүйлд бууж өгөхгүй байгаа иргэдээ нэмж сорилтод оруулан оноожуулахаар шийдсэн нь харанхуйд хэн удаан тэсэх вэ, тоггүй лифтэнд хэн удаан тэсэх вэ, гэрлэн дохио ажиллахгүй үед хэн чадварлаг машин унах вэ гэсэн тэмцээнүүд юм билээ.

Ахмад, нялхсын дунд харин харанхуй, хүйтэн гэртээ хэн удаан суух вэ тэмцээн зарлаж, “Хүйтэнд тэсвэртэй иргэн” цол олгохоос гадна цахилгаангүйгээр хонож чадвал “Эх оронч иргэн” гэх мэтээр өргөмжилж, автобусанд үнэгүй түгжрэл дунд аялах эрхийн бичгээр шагнах нь ээ. Хамгийн чухал нь энэ бүх уралдаан, тэмцээний туршид нэг ч гомдол санал гаргахгүйгээр тууштай хийгээд зүтгэлтэй давж чадсан иргэн бүхэн “Нийслэлийн хүндэт ухамсарт иргэн” болж, улс бүсийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоос гадна “Алтан гадас”, Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаалгах боломжийг алдахгүйн тулд улсаараа л хичээж, зүтгэж байна даа.

Нэг л сайхан өдөр “Physical World” тэмцээнд дуудагдах учраас бэлтгэлээ сайтар базааж, бүгдээрээ хичээдэг юм шүү. Цаашдаа хамгийн бага цалингаар хэдэн сар хэрхэн амьдрах вэ. Хамгийн үнэтэй хүнсийг хамгийн бага мөнгөөр хэрхэн худалдаж авах вэ гэх мэтээр тоглоомууд улам бүр төгөлдөршиж, ухаалаг болох учраас хичээдэг юм шүү, хэдүүлээ.