ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьжээ

O.Admin
5 цагийн өмнө

УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Б.Заяабал нар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн мэдүүлжээ.

Энэ хууль батлагдсанаар:

- Иргэн гутал засвар, үсчин, дугуй засвар, оёдол гэх мэт аливаа төрлийн бизнес эрхлэх болсон тухайгаа аймаг, дүүрэгтээ мэдэгдсэнээр үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх;

- Зөвшөөрлийн төрөл, ангилал, нэр томьёог цэгцэлж, явцын хяналтыг сайжруулах;

- ААН-үүдийн зах зээлд нэвтрэх саад хоригийг бууруулж, хуульд нийцээгүй захиргааны зохицуулалтыг арилгах;

- Зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, шуурхай, хүндрэлгүй болгох;

- Хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах;

- Бага эрсдэлтэй, нэг удаагийн болон ахуйн шинжтэй үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх боломж бүрдүүлэх;

- Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг тодорхойлж, хяналтын зохицуулалтыг сайжруулах;

- Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх;

- Зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд шаарддаг, төрийн байгууллагаас олгодог баримт бичгүүдийг цэгцлэх, багасгах, эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгох ач холбогдолтой юм.