ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ: ТББХ-ны санал хураалт Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
4 цагийн өмнө

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 54 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Г.Занданшатарыг огцруулах асуудлыг өнөөдөр өглөө ТББХ-гоор хэлэлцэж, хуралдаанд нийт 22 гишүүн оролцов.

Гуравдахь удаагаа хуралдсан Байнгын хорооны хуралдааны үеэр өмнөх хурлаас үг хэлэх эрхээ авсан байсан 10 орчим гишүүд үг хэлж дууссанаар “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулаахыг дэмжинэ, дэмжихгүй” гэсэн зүйл заалтаар санал хураав.

Улмаар, 19 гишүүн буюу нийт гишүүдийн 86.4 хувь нь “огцрохыг дэмжихгүй” хэмээн санал өгөв. Өөрөөр хэлбэл, огцруулна гэж санал оруулж ирсэн гишүүд нь кнопдоо хүрэхгүй орхисноор энэ заалт дэмжигдсэн гэсэн үг. Гэвч энэ нь Үндсэн хуулийн бус аргаар Засгийн газрыг огцруулах гэсэн үйлдэл боллоо хэмээн нөгөө талын улстөрчид тайлбарлаж, нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн МАН-ын бүлгийн Г.Занданшатарын талын гишүүд гарч одов. Энэ асуудлаар Д.Амарбаясгалангийн болон Г.Занданшатарын талууд ямар байр суурь илэрхийлснийг уншигч танд хүргэе.

С.Бямбацогт: Үндсэн хуулийн бус аргаар Засгийн газрыг унагах гэж байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны явцыг харсан байх. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн олонхи энэ хуралд орсон. Гэсэн ч огцруулахгүй гэж тэднээс ердөө гурав нь санал өгч, бусад нь огцруулахгүй гэж санал өгч гайхаш төрүүлсэн.

Үүнийг хуралдаан даргалагчаас горимын санал гаргаж асуух гэсэн ч хурлаа завсарлуулчихлаа. Өөрөөр хэлбэл, ямар дэг горимоор Засгийн газрын асуудлыг хэлэлцүүлэх гэж байна вэ гэдгийг УИХ-ын Дэд даргаас мөн асуулаа. Х.Булгантуяа Дэд дарга байнгын хорооноос гаргасан саналаар санал хураана гэлээ. Ингэх юм бол Үндсэн хууль зөрчинө гэдгийг хэлсэн ч мэдэж байгаа гэсэн.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн бус аргаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэж байна. Тийм учраас олон нийтэд мэдэгдэл хийж байгаа юм. Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэгт “УИХ-ын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавих юм бол УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлээд 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.

УИХ-ын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол албажиж, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулах саналыг нийт гишүүний олонхи дэмжсэн бол огцрох ёстой. Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэдэг заалтаар санал хураалт явна гэсэн үг. Дэгийн тухай хуулийн 101.4-д “УИХ-ын гишүүдийн олонхи Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн бол тогтоолыг баталсанд тооцно. Огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй” гэж заасан.

Тэгээд ч ТББХ-ны саналыг зөвхөн УИХ-ын чуулганд танилцуулах заалттай. Бусад хууль дээр байнгын хорооны саналаар санал хураадаг ч Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр зөвхөн танилцуулна гэж заасан. Гэтэл Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэж санал хураалгаж, гишүүдийн хуультай танилцах боломжийг хааж байгаад кноп руу хүрэхгүй байж байгаад Үндсэн хуулийн бус аргаар Засгийн газрыг огцруулах нь ээ. Ингэж явах юм бол Үндсэн хуулийн зөрчил рүү явна.

Ц.Сандаг-Очир: Ямар ч хуулийн зөрчил байхгүй

П.Сайнзориг нарын 54 гишүүн Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг өргөн барьсан. Өнөөдөр есдэх хоног боллоо. Арав хоногт багтааж хэлэлцэх хуулийн заалттай. Энэ хугацаанд ТББХ гуравдахь удаагаа хуралдаж, өнөөдөр эцсийн байдлаар санал хураалаа.

Чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 101.2-д “Төрийн байгуулалтын байнгын хороо нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна”, 101.3 “Нэгдсэн хуралдаан нь Байнгын хорооны санал дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна” гэсэн заалтын дагуу явагдаж дууслаа.

Огцруулах асуудлыг Байнгын хороо танилцаад одоо нэгдсэн чуулганд танилцуулна. Одоо огцруулах асуудал нийт гишүүдийн шийдэх асуудал болж хувирлаа. Гэтэл сая баахан гишүүд гарч ирж мэдэгдэл хийсэн нь ямар учиртайг мэдэхгүй юм. ТББХ-ны шийд бол эцсийн шийд биш. Чуулгандаа өөрсдөө суугаад авч үлдэх үү, үгүй юу гэдгээ шийдэх ёстой. Аль ч хуралдаанд байр сууриа илэрхийлэх эрх нь нээлттэй.

Хэлэлцэж буй асуудлаар саналаа яаж өгөх нь мөн л өөрийнх нь бүрэн эрхийнх. Санал өгөхөд нь хөндлөнгөөс нөлөөлж огт болохгүй ээ. 22 гишүүн буюу ирц хангалттай байж, олонхийн санал нь Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг авч үлдэнэ гэж гарлаа.

Энэ ганц удаа болсон зүйл биш. 2017 оны есдүгээр сарын 07-ны өдөр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр “Огцруулахыг дэмжихгүй” гэж гарсан. Ингээд чуулганы хуралдаанд “Огцруулах шаардлагагүй” гэсэн саналыг дэмжих санал хураалт явуулсан ч 31 гишүүн дэмжиж, байнгын хорооны санал дэмжигдээгүй учраас огцорч байсан. Энэ бол яг өнөөдрийн кэйс юм. Ямар ч хуулийн зөрчил байхгүй. Гагцхүү хүмүүс хуралдаа сууж ажлаа хийе. Хэн нь ирцээр бойкотолж байгааг харцгаая. Өчигдөрхөн төсвөө ярьмаар байна гэсэн хүмүүс ажилдаа ирж төсвөө хэлэлцье. Засгийн газраа авч үлдэх бол үлдээд цаашаа ажлаа хийцгээе.