ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөө мэдэгдлээ

O.Admin
4 цагийн өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр түүний хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж эхэллээ. Тэрбээр,

"Өнөөдрийн улс төрийн хямрал нь МАН-ын намын даргын сонгуульд надад ялагдсан хэсэг нөхөд маань ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүйгээс эхэлсэн. Энэ нь өдгөө Монгол Улсын парламентын ардчилал болон төрийн засаглалыг эрсдэлд орууллаа. Цаашлаад нийгмийг талцал хуваагдалд оруулж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байна.

Өрсөлдөөд ялагдсан нөхдийн маань эрх мэдлийн төлөөх улайрал нь Гүйцэтгэх засаглалын дүрэмгүй, хуульгүй дураар авирлалт болж төрийн эрх барих дээд байгууллага болон Үндсэн хуульд хүртэл нөлөөлж байна.

Улмаар үндэслэлгүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар бүхий л сувгаар түгээж, миний нэр төрд халдаж буй учраас парламентын засаглал, эрх чөлөө, шударга ёсны төлөө УИХ-ын даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын тухай хуульд заасны дагуу гаргаж байна" гэв. 

Тэрбээр, өөрийн нэр холбогдоод буй асуудлыг УИХ-ын даргын үүрэгт ажлаа өгч байгаад шалгуулъя гэжээ. Ингэснээр Ерөнхий сайд огцрох эрсдэл ч бий болов.

Учир нь АН-ын бүлгийн зүгээс хэрвээ Д.Амарбаясгалан УИХ-ын даргаасаа огцорвол чуулганы санал хураалтад оролцож, Ерөнхий сайдыг адилхан огцруулна гэдгээ мэдэгдээд буй. Ингэснээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёулаа огцрох нь ээ гэсэн үг. Хэрвээ АН энэ улс төрдөө хүрч чадахгүй бол О.Цогтгэрэл эс үйлдэхүй хийж, Засгийн газрыг хамгаалж үлдэхэд хүрэх билээ. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар түүний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв.