ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Бат-Эрдэнэ: Хий хоосон хэрүүл болох учраас бүлгийг хуралдуулахгүй байгаа юм

O.Admin
4 цагийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн нэгдэж, бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэд бүлгээ нэн яаралтай хуралдуулах шаардлага өгсөн билээ. Тэгвэл бүлгийн гишүүдийн энэхүү шаардлагын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хариу тайлбар өгөв.

Тэрбээр, “Хоёр талаас өргөх бичиг өргөн барьчихсан байгаа. УИХ-ын даргыг огцруулах, нөгөө талаас Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барьсан. Бүлгийн гишүүд маань бүлгийн фэйж дээрээ бол бичиж л байгаа. Гэхдээ хоёр талаас бичиг барьчихсан хүмүүс уулзалдаад тэр бичгийнхээ төлөө л хэрэлдэнэ. Тэгэхээр хоёр талын бичгийн учрыг олох ажлыг эхлээд би хийж байна. Нэг талдаа Ерөнхий сайд, нөгөө талдаа УИХ-ын дарга байна. тэр хүмүүс эхлээд учраа олог.

Тэгэхгүй бол өргөх бичиг барьсан гишүүд хоосон хэрэлдээд дуусна. Хэнийхээ талд зогсож байгаагаа өмгөөлөөд хоосон хэрэлдүүлэхгүйн тулд ойлголцлыг эхлээд чухалчилна. Хоёр талын акцийг хэн шийдэх вэ гэвэл Удирдах зөвлөл юм. Гэтэл яагаад хуралдахгүй байгаа юм. Я.Содбаатарт хүртэл хүсэлт тавилаа. Удирдах зөвлөлийн шийдвэр гарч байж бид асуудлаа шийдэх ёстой биз дээ.

Хоёр талд бичиг өргөн барьсан хүмүүс цаад талынхаа “виз”-ийг авахгүйгээр бүлгийн хурал үр дүнд хүрэхгүй. Өчигдөр бүлгийн хурлыг хуралдуулах гэсэн ч нөхцөл байдал таагүй байлаа. Маргааш лхагва гарагт бүлгээ хуралдуулъя гээд зар тавьчихсан байгаа. Засгийн хурал дундуураа ороод ирнэ биз. Бүлэг хоёр тийшээ битгий тасраасай гэж л би хүсэж байна. Ерөнхийлөгчтэй хүртэл энэ асуудлаар уулзаж мэдээлэл өгсөн” гэлээ.