ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Наранбаатар: МАН-ын бүлгийг яаралтай хуралдуулах шаардлагыг бүлгийн даргад хүргүүлсэн

O.Admin
3 цагийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн нэгдэж, бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэд бүлгээ нэн яаралтай хуралдуулах шаардлага өгчээ. Энэ талаар МАН-ын бүлгийн гишүүн Н.Наранбаатар ярихдаа “УИХ-ын чуулганы тухай хууль, Дэгийн тухай хуульд УИХ дахь намын бүлгийн хурлыг тус намын бүлгийн дарга болон УИХ-ын гишүүдийн олонхи нь шаардсан бол хуралдуулах дэгтэй. Бүлгийн гишүүдийн олонхи буюу 38 гишүүн шаардлага өглөө.

Сүүлийн хоёр удаа хойшиллоо. Улс орны нөхцөл байдал ямар байгаа билээ. Тулгамдсан олон асуудал байхад олонхийг бүрдүүлж буй улс төрийн нам хуралдаж шийдвэрээ зайлшгүй нэгтгэх ёстой атал хоёр удаа хурлаа хойшлууллаа. Гишүүд албан болон албан бусаар удаа дараа шаардлага тавьж байгаа.

Цаг хугацаа маш бага байна. Баруун аймгууд гантай байлаа. Зуд болох эрсдэл өндөр, төсвөө хэлэлцмээр байх юм. УИХ-ын дарга, Ерөнхий сайдыгаа огцруулъя гэдэг бичиг өгчихлөө. Тиймээс энэ бүх асуудлаа нэгтгэх үүднээс бүлгээ 16.00 цаг гэхэд хуралдуул гэдэг шаардлага тавьж байгаа юм. Албан бусаар эхлээд Удирдах зөвлөлөө хуралдуул гэдэг хариуг бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ өгсөн. Ерөнхий сайдыг огцруулах томилох асуудлыг Удирдах зөвлөлөөс шийдэхгүй учраас намын бүлэг төрийн ажлаа хийх ёстой. Бүлгийн дарга хуралдаа ирэхгүй бол дөрвөн Дэд даргын нэг нь удирдаад, ажлаа хийгээд л явчихна” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Заяабал “Албан бусаар бид удаа дараа шаардлага тавьсан. Гэвч хуралдсангүй. Тиймээс олонхи шаардлага тавьсан бол хуралдах журмын дагуу ажлаа хий гэж шаардлага тавьсан" гэж тайлбар өглөө.