АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Монгол Улсын Засгийн газрын тэргүүнийг огцруулах эсэх асуудлаар тайлбар өгөв. Түүний хувьд өмнөх Засгийн газарт намаа хамтралд уриалан ажиллаж байсан ч энэ асуудлаас болж ажлаа хүлээлгэн өгөхөд хүрсэн билээ.
Л.Гантөмөр гишүүн хэлэхдээ "Ахмадууд гурван сар ордон тойрч гороолж, багш нар жагсаж, эмч нар цалингаа авч чадахгүйд хүрсэн. Эмнэлэг болгон өртэй болсон. Эм нийлүүлдэг компаниуд дампуурсан. Бидний нөхцөл байдал хүнд байгаа. Тиймээс хүндрэлийг шийдэх төлөвлөгөөг бид өмнө нь баталсан. Улс төрийн нам бүхэн баталсан шүү. Тэгэхээр амлалтыг биелүүлж чадах хүн буюу итгэл хүлээсэн хүн УИХ, Засгийн газраа удирдах ёстой.
Харамсалтай нь дөрвөн сарын өмнө 90 гаруй хувийн саналаар томилогдсон Ерөнхий сайд өнөөдөр үндсэн МАН-ын гишүүдийнхээ 50 хувийн дэмжлэгийг авч чадахгүй болчихсон. Жилийн өмнө 100 хувийн саналаар томилогдсон УИХ-ын дарга МАН-ын гишүүдийнхээ 50 хувийн саналаар унахдаа тулчихсан байна. Би өнөөдөр энэ асуудлыг хэлэлцээд шийдэж чадаагүйд харамсаж байгаа. Энэ хоёр хүн өнөөдөр өргөдлөө өгөөд, нэг дэх өдөр шинэ хүмүүсээ томилж байх ёстой. Харамсалтай нь хойшлуулчихлаа.
Өөрийнхөө эрхийг хэрэгжүүлээд хойшлуулчихлаа. Даваа гарагт хэлэлцэх юм байна гэж ойлголоо. Энэ хоёр дарга сөрөг хүчин байтугай үндсэн гаргаж ирсэн намынхаа гишүүдийн дэмжлэгийг ч авч чадахгүй болсон учраас өргөдлөө өгөөд чаддагт нь өгөөсэй. Ингэж байж Монголынхоо асуудлыг шийднэ биз дээ. АН нэгдсэн байр сууриа нэгтгээгүй байгаа учраас бүлгийг төлөөлж хэлэх үг алга. Бидний битгий ор, санал битгий өг гэх мэтээр сүрдүүлсэн асуудал бол байхгүй. Оффтейк гэрээг мэдэхгүй ҮАБЗ-ийн гишүүд гэж байхгүй. Үзээгүй, хараагүй гэдэг худлаа. Амралтын өдөр дахиад л талцаж хэрэлдэх нь ээ. Хөдөөд бензин өгөхгүй байгаа нь үнэн шүү дээ. Хүмүүс айдастай байна” хэмээн ярилаа.