ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ш.Алтангадас: УИХ-ын гишүүд УИХ-ын даргыгаа худал мэдээллээр гүтгэлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
1 өдрийн өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ш.Алтангадас УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаар хандаад байгаа билээ.

Тэгвэл энэ асуудал ямар шатандаа явж байгаа талаар сэтгүүлчдийн асуултад хариулав. Ш.Алтангадас өмгөөлөгч хэлэхдээ “Шүүхэд нэхэмжлэхээ өгөөд явж байна. Илт худал мэдээлэл тараасан арга хэлбэрээрээ няцаалт өгөх ёстой гэж үзсэн. Энэ долоо хоногийн сүүл гэхэд шүүх баримтыг хүлээж аваад хэрэг үүсгэх эсэхээ шийдэх байх. Олон баримтыг хэвлэл, мэдээллээр түгээлээ.

“Адменирал”-ын асуудал болон тодорхой үнийн дүн хэлж авлига авсан гэж хэлсэн. 2023 оноос эхлэн бид тодорхой няцаалт хийж, энэ асуудалд холбоогүй гэдгээ албан ёсны эх сурвалжтай хэлж байгаа ч Б.Энхбаяр гишүүн энэ бүхнийг үл тоож мэдээллийг цацсаар байгаа учраас няцаалт хийнэ үү гэж байгаа юм. Худал мэдээлэл тараагч этгээд маань мэдээллийнхээ үнэн зөвийг өөрөө нотлох ёстой учраас нэхэмжлэгчээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хариуцагчаар Б.Энхбаярыг татаад явж байна.

Цацагдаад байгаа мэдээлэлтэй холбогдуулан 2024 онд шүүхийн шийдвэр гарч, Д.Амарбаясгаланг үүнд холбоогүй гэдгийг нотолсон. Нөгөө талаар энэ мэдээллийг гаргаж байгаа зарим сайд болон гишүүд албан ёсны баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч, түүнийгээ цацах ёстой ч төөрөгдүүлсэн, бусдыг гутаан доромжилсон мэдээлэл цацахыг хориглоно гэсэн ёсзүйн дүрмээ өөрсдөө зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, эрхэм гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж албан ёсны эх сурвалжаас мэдээллээ авсан уу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Холбоо хамааралгүй гэдэг нь төрийн бүх байгууллагын мэдээллээр тогтоогдсон атал “нийгэмд ийм мэдээлэл гарч байгаа учраас шалгуул” гэдэг нь өөрөө үндэслэлгүй юм.

Ийм мэдээлэл цацагдсан юм бол Б.Энхбаяр гишүүн шүүхэд очиж өөрийнхөө гаргаж тавьсан асуудлаар тайлбар мэдүүлэг өгөх ёстой. Гэтэл өөрөө очиж шалгуул буюу өөрөө, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуульд заасан эрх, цаашлаад гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэдэг заалтууд ноцтой зөрчигдөж байгаа юм. УИХ-ын гишүүд нь ийм зүйл хүсэж байгаа нь алдаатай нөхцөл юм” гэлээ.