ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Жавхлан: Төрийн санхүүжилт бүгд хэвийн явж байгаа

O.Admin
2025-10-06

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Г.Занданшатарын Засгийн газар макро түвшний тоог худлаа хэлсэн. Валютын нөөц багасч, эдийн засгийн эрсдэл учирсан. ОУВС-гаас дефолт зарла гэж шаардсан гэх мэдээллийг өгсөн билээ. Тэгвэл энэ асуудалд Сангийн сайд Б.Жавхлан хариу тайлбар өгөв.

Тэрбээр, “Батлагдсан хуваарийн дагуу төрийн санхүүжилт бүгд хэвийн явж байгаа. Хаана ч ямар ч саатсан зүйл байхгүй. Энэ жилийн хувьд төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна. Олон жилийн дунджаар энэ орчимд л байдаг. Төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн гэж ойлгож болно.

Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум 874 сая ам.доллар байна. Энэ тоог худал хэлэх боломжгүй. 4-5 сарын импортын хэрэгцээг хангах үлдэгдэл юм. ОУВС-гийнхан ирээд явсан нь үнэн. Гэхдээ ямар ч эрсдэл байхгүй гэж дүгнээд явсан. Ирэх долоо хоногт би ОУВС-гийн хуралдаа явна. П.Сайнзориг гишүүнийг цуг яваасай гэж бодож байна.

Монгол Улсыг олон улсад яаж харж байгааг өөрөө хараад лайв ч болтугай хийгээсэй. Гурван том зээлжих зэрэглэлийн компани бий. Fitch агентлагаас +В-гээ хадгалж үлдэж болно гэдгийг зарласан. Олон улсын тоо баримтаар улстөржиж болохгүй юм. Аравдугаар сард уг нь төсвөө аль хэдийнэ хэлэлцээд эхэлчихсэн байх цаг.

Харамсалтай нь хэлэлцэхгүй байгаа нь үнэн. Арваннэгдүгээр сарын 15 гэхэд төсвөө баталсан байх ёстой. Санал шүүмжлэл байвал ярилцмаар байна. Даанч төсвөө хэлэлцэхгүй байгаа учраас хэлэлцээд яваач гэж хүсэж байгаа юм. Улсын төсөв гэдэг улс орны толь. Ирэх онд хэдийг зарцуулахаа ярих ёстой биз дээ. Санал шүүмжлэл байвал нээлттэй шүү дээ.

Холоос төсөв ийм тийм гэж яриад байх нь утгагүй. Монгол Улс Хятадынхаар биш өөрсдийн биржийн үнээр явах гэж хуультай болсон. Тэр биржээр нүүрс, алт, зэс нь нээлттэй ил тод борлуулагдах ёстой. Тэндээс АМНАТ-аа тооцож авах л тухай асуудал юм. Үндэсний биржээр явах асуудлыг л улстөржүүлж байна. Биржийн тогтолцоог бид хамгаална. Ухарч огт болохгүй.

Биржээ ингэж урамшуулж явахгүй бол далд явдаг наймаа улам л өргөжинө. Нүүрсний үнэ уначихсан үед л биржээр худалдан авалтуудыг хийж тэндээс АМНАТ авах саналыг Уул уурхайн яамнаас оруулж ирсэн. Санал болгон дээр зөв байх албагүй ч Засгийн газраас гаргасан саналыг дэмжээд явсан юм. Уул уурхайн ассоциациас бас асуувал зүгээр. Төв банкны валютын нөөцдөө итгэхгүйгээр өөр хэндээ итгэх юм” гэлээ.