ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: Нүүрсчин гэж гүтгээгүй, нүүрсний асуудлаа шалгуул гэж хэлсэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
6 цагийн өмнө

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Нийт 18 гишүүн үг хэлэхээр бүртгүүлжээ. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-“Чайна энержи”-тэй холбоотой асуудлыг улстөржүүлж буйд харамсалтай байна. 20 гаруй жил гацсан төсөл уг нь урагшилсан юм шүү дээ. Засгийн газрын гишүүд өөрсдөө тайлбарлах бүрэн мэдээлтэй хэрнээ, худлаа мушгин гуйвуулж худлаа тайлбарлаж байгаад харамсаж байгаа. “Энержи ресурс” компани Тавантолгойн лицензийг 30 дээр нэмэх 30 гээд 60 жилээр бүх эрхтэй нь өгөх гэрээ хийсэн учраас хэлэлцээрээс бөөн юм болж гаргасан юм билээ. Ингээд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болж хувиргасан ч эргээд ярьж буй нь “Энержи ресурс”-ыг оруулж ирэх нь ээ гэж харлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Бид эргээд ч олон жил хамт ажиллах байх. Үнэн л байх хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газрыг огцруулах үндэслэлд энэ асуудал байхгүй. Үүнийг яагаад сэдэв болгоод байгааг гайхаж байна. Асуулт ямар байна би тийм л хариулт өгнө.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Би баримттай юм ярьж байна. Худалдан авалтаар тендергүй гэдэг зөвлөмж гараад байгаа. Түүн дээр мэдэн будилаад байх юу байна. Түүнийг гишүүдэд ил болгоё гээд байгаа чинь тараагаад өгчих л гэж байна шүү дээ. Чуулганаас өмнө тэр зөвлөмжөө ил болгочих.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Уул уурхай, хуулийн салбарыг улс төрд хайр найргүй ашигладаг юм байна. Ингэж болохгүй. Уул уурхайн салбар мөнгөтэй болохоор тэгдэг байх. Манай хуулийн салбарыг үлдэх зүйлгүй шороотой хутгаж дууслаа. Ерөнхий сайд та хэвлэлд яагаад яриа өгч болохгүй байгаа юм бэ.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Шударга ёсонд итгэх ард түмний итгэл туйлын чухал. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэж, хууль биелүүлэх үүрэгтэй. Харин шүүгч гудамжинд очиж гэмт хэрэгтэй тэмцэхгүй. Ард түмний хүлээлт бол хулгай, дээрэмтэй тэмцэх. "Эрдэнэс Тавантолгой"-н хулгайтай тэмцэхэд л ямар үр дүн гарч, эдийн засаг яаж сэргэж буйг та бүхэн харж буй биз. Тэр хүрээнд би бүрэн эрхийн хүрээнд хулгайтай тэмц гэж сайд томилж буй юм. Хэвлэлийн эрх чөлөөнд ч саад учирч буй. Би хэвлэлд нээлттэй хүн. Бүх талаараа шүү.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Зүгээр байсан тоног төхөөрөмж яагаад гацаад байгаа юм. Сүлжээ унагагч байршуулсан юм уу. Та УИХ-ын даргыг нүүрсчин юм байна гэж хэлээд шалгуулах гэж сайд томиллоо гэсэн. Таны баримт хаана байна вэ. Хэнийг ч гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй байхад гэм буруутай учраас шалгуулъя гэж хэлсэн юм. Бор тээгийн уурхайн лиценз яг хэн дээр байгаа юм. Хэдэн тонн нүүрс гаргасныг хэлж өгч болох уу.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Барууны хэд хэдэн хэвлэлд УИХ-ын даргын Бор тээг, Адмениралын асуудал тавигдсан. Германы хэвлэлүүдээр гарсан шүү. Энийг шалгах ёстой, эцэслэх ёстой гэсэн болохоос биш нүүрсний хулгайч юм байна гэж хэлээгүй.

Хэнийг ч гэм буруутай биш бол гүтгэж болохгүй гэдэг хууль чинь эгэл иргэнд хамаатай. Төрийн албан хаагч буюу тангараг өргөсөн улстөрчид харин гэм буруутай эсэхээ тогтоолгох ёстой. Дэлхийд зарлагдсан баримтуудыг яагаад тэр үедээ няцаагаагүй юм бэ. Барууны хэвлэлүүд хэнийг ч гүтгэхгүй байх. Бор тээгийн лицензийг төрд буцааж авсан ч дээр нь баригдсан үйлдвэр одоо хүртэл хувийн хэвшилдээ байгаа шүү.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Гадны гэх хэвлэлд 50 мянган ам.доллар төлж нэр хүндэд халдсан. Гадны сайтад гарсан мэтээр харагдуулж дотоодод оруулж ирж сэвсэн гэдэг асуудлаар шинжээчийн дүгнэлт гарчихсан. Тагнуулын байгууллагын шинжээчийн дүгнэлт нь надад байна. Барим тавин худлаа ярихаа боль. “Бор тээг”-ийн лиценз “Эрдэнэс Тавантолгой”-доо л байдаг. Төлбөртэй мэдээлэл тавиулсан эзэн бие тодорхойгүй сайт юм билээ. Энийгээ Монголд оруулж ирж баримт гэвэл би хүлээн зөвшөөрөхгүй. Нүүрсний сонсгол дээр хоёр баримтаар нотлогдсон гэж та худлаа гүтгэлээ. Энэ мэтчилэн эрх мэдлээ ашиглаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүн гүтгэдэг байдлаа зогсоох цаг чинь болсон.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Засгийн газрын тэргүүн барууны хэвлэлд гарсан мэдээллээр л хэн нэгнийг нүүрсчин юм байна гэж зарлаад, шалгуулж байгаа гэсэн үг үү. Таны нотлох баримт сайт дээр гарсан мэдээ төдий юм уу. Парламентын 67 гишүүн чинь энд итгээд огцруулна гээд явж байна. Ийм зүйл байж болдог юм уу.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Асуултын хэмжээгээр хариулт өгье. Би зөвхөн сайтын мэдээлэл хэлээгүй. Нүүрсний сонсголын үеэр хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой гэж гарч ирсэн. Хэрэг мөрдлөгийн нууцыг энд ярьж болохгүй. Хаалттай хуралдаанаас авч болно.