ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Баянхошуу, Шархад дэд төвд нийт 220 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгчээ

O.Admin
8 цагийн өмнө

Экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай 5000 айлын орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг Баянхошуу, Шархадны хоёр байршилд хэрэгжүүлж байна.

Тодруулбал, төслийн эхний үе шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын 10 блок орон сууц, Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц, үйлчилгээний барилгыг барьж байгаа юм.

Энэ хүрээнд өнгөрсөн сард Баянхошуу, Шархад дэд төвд тус бүр 110 айлын 4 блок буюу нийт 220 айлын 8 блок орон сууцны барилга угсралтын ажлыг дуусган, улсын комисст хүлээлгэн өгчээ. Мөн бусад талбаруудын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Тухайлбал, Баянхошуу дэд төвийн үлдсэн 150 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажил 70 орчим хувьтай байгаа юм. Мөн 76 айлын хоёр блок орон сууцны барилга угсралтын ажлын явц 52 хувьтай үргэлжилж байна. Харин сүүлийн 126 айлын гурван блок орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн Шархад дэд төвийн үлдсэн 152 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажил 70 орчим хувь, 76 айлын хоёр блок орон сууцны бүтээн байгуулалтын ажил 49 хувийн гүйцэтгэлтэй байна.