ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Жаргалан: Хоёулаа огцрох ёстой гэж гарын үсэг зурсан

O.Admin
8 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Монгол ардын нам эцсийн эцэст үнэнд гүйцэгдэж байна. Ардын намын үнэмлэхүй олонхоор засагласан он жилүүдийн тэр их хулгай луйврын алдагдсан боломжийн өртгийг монголчууд бид амь биеэ золиослон төлж байгаа. Зээлээс зээлийн хооронд зүтгэж буй аж ахуйн нэгжүүд, цалингаас цалингийн хооронд амь зууж буй залуусын мөрөөдөл, ирээдүйд итгэх итгэлийг хулгайлсан эрх баригчид хариуцлага хүлээх ёстой.

Хүмүүсийн мөрөөдөл, итгэлийг үгүй хийнэ гэдэг хамгийн аймшигтай. Маргааш өнөөдрөөс илүү гарахгүй, амьдрал минь сайжрахгүй, энд ирээдүй байхгүй гэж бодож эхэлсэн цагт хөгжил алсарна, ардчилал бүдгэрнэ.

Би Ардчилсан намын гишүүн. Тиймээс өнөөдөр чуулганаар хэлэлцэх Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжиж санал өгнө, шаардлага дээр нь ч гарын үсэг зурсан. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ч дэмжинэ, гарын үсэг ч зурсан. Монгол Ардын намын дотоод зөрчил туйлдаа хүрч Засгийн газраа, УИХ-ын даргаа огцруулаад өг гэж байхад Ардчилсан нам тэднийг хамгаалж үлдэх үндэслэл байхгүй билээ. Намынхаа дотоод зодооныг ингэтэл нь төрийн зовлон болгож, төрийн институциуд, хууль хүчний байгууллагыг сандал суудлын тэмцэлдээ ашиглана гэдэг Монгол ардын намд эрүүл ухаан, эх оронч үзэл огт үлдээгүйг харуулж байна. Ийм намаас бид юу хүлээх вэ?

Ардчилсан нам алдаа оноотой ч, нэг үнэн бий. Бид ямагт ард иргэдийнхээ талд, ардчилсан тогтолцооныхоо талд бат зогссоор ирсэн, унаж боссон ч тэмцсээр ирсэн. Өмнөх хоёр парламентыг бодвол бид өнөөдөр УИХ-д 42 суудалтай хүчтэй цөөнхийн бүлэгтэй. Бид парламентыг ингэж доромжлохыг зүгээр харж сууж болохгүй, Ардын намынхныг ингэтэл нь даврааж болохгүй гэсэн итгэл үнэмшилтэй байна.

Төр улс минь түвшин, түмэн олон минь амгалан байг" гэжээ.