Монгол Улс 70 сая малтай учраас мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулах нь нэн чухал. Тиймдээ ч мал аж ахуйн салбарыг кластераар хөгжүүлж, малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулах зорилгоор “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төсөлд багтаан, үе шаттай хэрэгжүүлж байна.
Эмээлтэд аж үйлдвэрийн парк байгуулна гэж 15 жилийн өмнөөс яригдсан ч 2024 оны аравдугаар сарын 3-нд тус паркийн Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн дөрвөн давхар барилгыг ашиглалтад оруулснаар ажил эрчимтэй явж эхэлсэн.
2025 оны наймдугаар сард тус паркийг эрчим хүчээр хангах “Дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламж”-ийг барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, (EPC+F) гэрээг байгуулсан.