ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: Халзанбүрэгтэй ордын хяналтын сонсголоос ямар дүгнэлт гарав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2025-10-04

УИХ-ын тухай хуулийн 8.1.12 буюу “УИХ-ын хяналтын сонсгол байгуулах саналыг хуульд заасны дагуу гаргах” заалт хийгээд бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу УИХ-ын гишүүдээс үйл ажиллагаа явуулж эхлээгүй ч нутгийн иргэдийн дунд талцал үүсгэж, уран олборлох нь ээ гэсэн ташаа мэдээлэл буюу буруу мэдээллээр иргэдийг хувааж буй Ховд аймгийн Мянгад сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Халзанбүрэгтэй ордын талаар хяналтын сонсгол хийх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн байдаг.

Энэ дагуу өнгөрөгч есдүгээр сарын 23-ны өдөр Хяналтын сонсгол болж, УИХ-ын гишүүд, нутгийн иргэд, аймаг, сумын удирдлага, тус лицензийг эзэмшигч “Монголиа нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн удирдлага зэрэг 168 хүний бүрэлдэхүүнтэй хийхээр зар тараасан ч 123 хүн ирж оролцсоноор есөн шинжээчийн мэдээллийг бүтэн өдөржин сонсож, УИХ-ын гишүүд, нутгийн иргэдийн төлөөлөл үг хэлснээр үдшээр өндөрлөв.

Энэ үеэр Халзанбүрэгтэй яг юуны орд болох талаар нутгийн иргэдийг мэдлэгтэй болгох, цацраг идэвхийн төлөө бүс нутагт тийм хор хохиролтой эсэх, газрын ховор элементээр дэлхий дахинтай зах зээлийн өрсөлдөөнд орох боломжтой эсэх гээд олон мэргэжлийн асуудлууд хөндөгдсөн бол эсрэгээрээ “Сак Сараа” хэмээн өөрийгөө дөвийлгөсөн этгээд уул усаа ухуулахгүй, ураныг олборловол Н.Учралын нүдэнд тугалга цутгана хэмээн дөвчигнөж, ааваа биднийг хамгаалаач хэмээн зарим нэг нь орилж, эрдсийн дутагдлаас болж өвчилсөн малыг уран ухаснаас боллоо гэж үзсэн зарим иргэд мэргэжлийн хүмүүсийг үгийг үл тоон орилсон гээд олон ч асуудал үүссэн.

Мэдээж нутгийн иргэдийн дунд байгаль орчны нөхөн сэргээлт хэрхэх билээ, алт, нүүрснээс өөр зүйл ухаж байгаагүй Монгол Улс газрын ховор элемент олборлоно гэхээр тэр нь уран юм болов уу, уран гэхээр цөмийн цацрагийн хор ялгарах уу гэх мэт ташаа хийгээд буруу зөрүү мэдээлэлтэй байгаа нь үнэн.

Тиймдээ ч УИХ-ын гишүүд болон хуралдаан даргалагч Б.Баярбаатарын зүгээс иргэдийг зөв мэдлэгтэй болгох, мэргэжлийн шинжээчдийн гаргасан дүгнэлтийг нутгийн иргэдэд хүргэх ёстой гэдгийг сануулж байсан юм. Тэгвэл энэхүү сонсголын эцсийн дүгнэлт албан ёсоор гарсан бөгөөд УИХ-ын холбогдох байнгын хорооноос дүгнэлтийг албан ёсоор цахим хуудсандаа байршуулжээ.

Иргэд та бүхэнд мэдээлэл болгох үүднээс тус дүгнэлтэд юу багтаасныг тоймлон хүргэе.

-Халзанбүрэгтэй орд бол ураны орд биш. Газрын ховор элементийн орд бөгөөд ашиглалтад бэлтгэж буй Монгол Улсын анхны төсөл

-Халзанбүрэгтэй ордод диспрози, терби, ниодим, паразиоди гэх дөрвөн тогтмол соронзонгийн түүхий эд агуулагддаг бөгөөд эдгээр нь ерөөсөө цацраг идэвхгүй.

-Зах зээлийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй өнөө үед тус ордын газрын ховор элементийг ашиглан түүхий эдийг дунд шат хүртэл боловсруулж, нийлмэл исэл үйлдвэрлэх нь өндөр ач холбогдолтой  

-Ордыг нөөцийг илүү ашигтай ашиглах, дотооддоо нэмүү өртөг шингээх, улмаар дэлхийн тогтмол соронзонгийн зах зээлд урт хугацаанд найдвартай нийлүүлснээр эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмрээ оруулах чухал төсөл.  

-Байгалийн цацраг гэдэг нь ердийн ашигт малтмалын ордуудад ч байх бөгөөд Халзан бүрэгтэй ордод агуулагдах уран 0.009% байгаа нь Монгол Улсын бусад газрын ховор элементийн ордуудаас бага үзүүлэлт

-Халзан бүрэгтэйн орд газрыг хамарсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу олгож, улмаар хуулийн дагуу 2011 онд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 242, 243 тоот тушаалаар эзэмшигчийг өөрчлөн өнөөгийн хүчин төгөлдөр эзэмшигч рүү шилжүүлсэн.

-Өмнөх жилүүдэд ордыг ашиглаагүй, хөрс хөндөгдөөгүй, зөвхөн хайгуул судалгааны ажил хийж, нөөцийг нэмэгдүүлэх, боловсруулалтын аргыг судлах үйл ажиллагаанууд явагдсан.

-Мянгад суманд өмнөх онуудад төрсөн гажигтай төлүүдэд хийсэн Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээ дүгнэлтээр цацрагийн хордлого илрээгүй, цацрагаас болсон гэдэг нь тогтоогдоогүй.

-Шинжээчдийн дүгнэлтээр хайгуулын үйл ажиллагаа явагдаж байх үед байгалийн цацрагийн хэмжээ хүрээлэн буй орчин, хүн малын эрүүл мэндэд хордлого үүсгэх тунгаас эрс бага. Тухайлбал цацрагийн хэмжээ нь Халзан бүрэгтэй төсөл орчимд хамгийн их газраа 1.67 микрозиверт/цаг байгаа нь онолын үүднээс авч үзвэл хүний биед нөлөө үзүүлэх эрсдэл байхгүй.

-Хайгуулын шатанд усны нөөц болон чанарт онц ноцтой хохирол учруулсан гэсэн нь шинжээчийн дүгнэлт болон төрийн байгууллагаас өгсөн мэдээллээр нотлогдоогүй. Гэхдээ усны нөөц, чанарыг хамгаалах төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай.

-Төслийг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагуудын санаачилга сус байснаас иргэд ойлголт муутай байна.

-Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс орон нутгийн иргэдэд төслийн үйл ажиллагаа, үр ашиг, үүнээс тухайн орон нутагт шууд үзүүлэх үр ашиг, хүрээлэн буй орчинд үзүүлэх үр нөлөөг ойлгуулах талаар хангалтгүй ажилласан зэрэг 18 санал, дүгнэлтийг гаргажээ.

Халзанбүрэгтэйд хийж буй хайгуулыг үргэлжлүүл, гэхдээ...

Тэгвэл энэ ордыг цаашдаа ашиглах ёстой юу, хэрвээ ашиглах бол юуг анхаарах талаар Хяналтын сонголоос дүгнэлт гаргахдаа нэн тэргүүнд хууль эрхзүйн орчинг анхаарах буюу хуулийн нийцлийг хангах, давхардлыг арилгах саналыг олон гишүүд хэлсэн аж.

Тухайлбал, газрын ховор элементийн хайгуул, ашиглалтыг нэмэх, гадны хөрөнгө оруулалт татах гэхээр саад учруулдаг Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуулиудын хийдлийг арилгах санал гарлаа.

Улмаар, Монгол Улсын "Алсын хараа-2050" урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсаны дагуу газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Халзанбүрэгтэй ордод хийгдэж буй хайгуул судалгааны ажлыг үргэлжлүүлж, нөөцийг бүрэн тогтоох, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг шинэчлэх ухаанч байдлаар тодорхойлохыг харьяа байгууллага болон орон нутгийн удирдлага, төсөл хэрэгжүүлэгч нарт УИХ-ын холбогдох байнгын хороодоос даалгалаа.

Хамгийн чухал нь төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхдээ нутгийн иргэдийг зөв мэдээлэлтэй болгох, байгаль орчны нөлөөллийг хянах, төрийн байгууллага хяналт шалгалт хийж болох ч судалгааны ажлыг таслахгүй явуулах талаас анхаарч, хууль хяналтын байгууллага үйл ажиллагааг нь зогсоохоос бусад тохиолдолд улстөржиж, талцаж улсын эрх ашгийн төлөө хэрэгжиж буй төслийг зогсоохгүй байх ёстой гэж үзжээ.

Хайгуулын үйл ажиллагаа дууссаны дараа харин нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхдээ байгаль орчинд ээлтэй байдлаар үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд нийлүүлснээр энэ нь нэг компани, нэг аймгийн эрх ашигт бус нийт улсын эдийн засагт асар өндөр ач холбогдолтой учраас төрийн байгууллагууд мэдээллээ нэгтгэж, иргэдтэй ойлголцож төслөө урагшуул гэсэн төрийн шийдвэр ийнхүү албажиж гарсан байна.