ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг нэр төрд халдсан гэж шүүхэд өгчээ

O.Admin
2025-10-04

Өмгөөлөгч З.Буяндаваа өөрийн нүүр номын хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргажээ. Тэрбээр, "Миний бие УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. 

Миний үйлчлүүлэгч Д.Амарбаясгалан нь өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь “Админерал” гэх компанитай ямар нэгэн холбоо хамааралгүй болно. Сүүлийн гурван жилийн хугацаанд түүнийг “орд эзэмшиж, нүүрс хулгайлсан” гэх ташаа мэдээлэл удаа дараа түгээж байсан бол сүүлийн үед бүр хүн амины хэрэгт холбогдуулан гүтгэх хэмжээнд хүрээд байна.

Гэвч дээрх асуудлуудаар Монгол Улсын аль ч хууль хяналтын байгууллага Д.Амарбаясгаланг шалгасан, мэдүүлэг авсан тохиолдол огт байхгүйг болно.

Иймд миний үйлчлүүлэгч Д.Амарбаясгалан нь өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхийн тулд шүүхэд нэхэмжлэл гарган хандсаныг албан ёсоор мэдэгдэж байна" хэмээжээ.