ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Баасандорж: Ерөнхий сайдын асуудлын дараа Б.Энхбаярыг сайдаар томилох эсэхийг хэлэлцэнэ

O.Admin
22 цагийн өмнө

УИХ-ын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж баасан гарагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэх асуудлын тов дараалалд өөрчлөлт орсон.

Өнөөдрийн буюу пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байсан. Мөн 2026 оны Төсвийн хүрээний тухай хуулийн төсөл, Мөнгөний бодлого, УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын Хянан шалгах түр хорооноос гаргасан тогтоолыг хэлэлцэх байсан ч тус түр хороо асуудлаа ирэх долоо хоног хүртэл хойшлуулах хүсэлт гаргасан.

Ингэснээр өнөөдөр гурван асуудал хэлэлцэх нь ээ. Маргаашийн хэлэлцэх асуудлаар харин УИХ-ын даргын дэргэдэх таслах эрхтэй буюу найман байнгын хороооны дарга, бүлгийн дарга, бүлгийн дэд дарга нарын оролцсон зөвлөлийн хуралдаан хуралдаж, өөрчлөлт оруулах нь зөв гэж шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл, маргааш 08.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, П.Сайнзориг нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. 10.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар санал дүгнэлтийг хэлэлцэх юм. Үүний дараа 2026 оны Төсвийн төслийн хэлэлцүүлгийн хоёр дахь хэлэлцүүлэг явах юм. Аль ч намын бүлэг энэ асуудлаар завсарлага авч болно. Гэхдээ цаг хугацаатай байдаг. Ийм асуудал дээр завсарлагын хугацаа арай өөрөөр явдаг.

Засгийн газрын гишүүн, сайдыг огцруулах, томилох эсэх асуудлыг Ерөнхий сайд шийддэг. Тиймээс эхлээд Ерөнхий сайдын асуудлыг шийднэ. Дараа нь Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг дараагийн долоо хоног болгож хойшлуулсан” гэлээ.