Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 195,880 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2026 оны нэгдүгээр сарын 31-ний дотор зохион байгуулах арга хэмжээ авч, нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж ажиллахыг холбогдохж албан тушаалтнуудад даалгалаа.
Компанийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн 64 аж ахуйн нэгжүүдтэй компанийн нөөц бүрдүүлэх тухай гэрээ байгуулж, нөөцийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, хэрэглэгчдийг газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй, найдвартай хангах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ.
"Засгийн газраас шатахуун, дизель түлшний аюулгүйн нөөц бүрдүүлэх тогтоол баталлаа. Энэ тогтоолыг жил бүр гаргадаг. Хуулийн дагуу манай улсын аюулгүйн нөөц хувийн хэвшлийн компаниудад байдаг. Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шатахууны тасалдал үүссэн тухай мэдээлэл гарч байгаа нь ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Засгийн газраас энэхүү асуудлыг нягтлан шалгах, худал мэдээлэл тараасан этгээдүүдэд холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах шийдвэрийг гаргалаа. ОХУ-аас Монгол Улсад шатахуун нийлүүлэх гэрээг хэвийн хэрэгжүүлж байгаа бөгөөд ямар ч нөхцөлд нийлүүлэлтээ таслахгүй гэдгээ мэдэгдсэн. Манай улсын гол нийлүүлэлтийг хангадаг Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөөт засварын ажил долоо хоногийн дараа дуусах юм.
Өнөөдөр гэхэд төмөр замын Толгойт, Рашаант өртөөгөөр 150 гаруй АИ-92 шатахуун тээвэрлэсэн вагон орж ирж байна. Өдрийн нийлүүлэлт хэвийн байна. Баруун бүсийн шатахууны хангамжийг түр хугацаанд Улаанбаатар хотоос төвлөрүүлэн нийлүүлж байгаа бөгөөд хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагаа тасалдаагүй байна.
Мөн Засгийн газраас шатахууны нэг сарын нөөцийг бүрдүүлэх сав, агуулахын дэд бүтцийг байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү байгууламжид ойролцоогоор 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай, иймд төрөөс санхүүжүүлэх шийдвэрийг судалж байна.
БНХАУ-ын талаас манай улсад шатахуун нийлүүлэлт үргэлжилж буй ч , цаашид ачаа дамжуулан ачиж, буулгах төвүүдийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийх чиглэлд хувийн хэвшилтэй хамтран ажиллах арга хэмжээ авч байна. Иймээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд шатахууны хангамж тасалдаагүй, нийлүүлэлт хэвийн үргэлжилж буйг мэдэгдэж байна" гэв.