ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Оюутолгойн асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийг эрчимжүүлнэ

O.Admin
23 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2025.10.08/ боллоо.

Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж байна. Өнөөдрийн хуралдаанаар хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг зах зээлийн зарчимд нийцүүлэн бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний явц, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төлөвлөгөө, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.

Тухайлбал, "Оюу толгой" төслийн хүрээнд хувь нийлүүлэгчээс олгосон зээлийн хүүгийн нөхцөлийг зах зээлийн зарчимд нийцүүлэх, зээлийн хүүгийн асуудлыг долоон жилд нэг удаа хөндөх тухай гэрээний заалтыг дахин авч үзэх зэрэг асуудлыг шийдвэрлэх юм.

Мөн хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Оюутолгой" төслийн хувь нийлүүлэгчээс олгосон зээлийн хүүг бууруулах хэлэлцээрт "Рио Тинто" компанийн төлөөллийг дариу оролцуулах хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.