Хуульзүй, дотоод хэргийн сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн Л.Мөнхбаатар сайд албан ёсоор мэдээлэл өглөө. Тэрбээр, "Хуульзүйн салбар маань хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байсан. Эрхзүйн шинэтгэлийн бодлогын баримт бичгээ боловсруулж дууслаа. Олон хууль тогтоомжийг боловсруулж өргөн барихад бэлэн болсон.
Оюутолгойтой Арбитрын шүүхэд хэрэг хэлэлцэх асуудлыг миний бие ахалж ажиллаж буй. Шийдвэр манай талд гарна гэж итгэж байгаа. Г.Занданшатар даргатай УИХ-ын түвшинд олон жил хамтарч ажилласан.
Хуульзүйн сайдаар Б.Энхбаярыг томилж буйг та бүхэнтэй адилхан мэдээнээс үзсэн. Өглөө нь бид уулзаад салбарын төсвийг Байнгын хороогоор хэлэлцээд дэмжлээ гэж танилцуулахад сайн байна гээд гар бариад салсан.
Хэдийгээр сайдаа томилж чөлөөлөх нь тэр хүний эрх ч гэлээ надтай ярьж болно биз дээ. Энэ бол бидний хувийн харилцаа гэхээс илүү төрийн харилцаа шүү дээ. Ер нь эр улс эргээд уулзах нүүртэй, дахиад уулзах даваатай үлдэх ёстой байх. Хүнийхээ хувьд хударгагүй байлаа.
Ард түмэндээ хандлаа гэх ахадсан нэртэй мэдэгдлээс өөрийгөө чөлөөлөгдөж буйг мэдэх эвгүй байсныг нуух юун. Нүүрсний хэрэг шалгуулахаар тэр хүнийг томиллоо гэсэн. Би бол хэрэг ярихгүй бодлого ярина.
Сайдын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэдгээ хэлсэн. Ерөнхий сайдад ч хуулийн байгууллагын удирдлагуудад ч хэлсэн. Миний зарчмын байр суурь Ерөнхий сайд Г.Занданшатарын улс төрийн үйл ажиллагаанд саад болсон юм байна гэж харж байгаа. Популизм бол шийдэл биш. Улс төрөөс хараат байдлаар хуулийнхныг ажиллуулах ёстой биз дээ" хэмээжээ.