ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нүүрсний хулгай ярих гэж байгаа бол оффтейк гэрээнүүдээ ч мартаж болохгүй

O.Admin
2 өдрийн өмнө

Намын даргын сонгуулийн үр дүнгээ эс хүлээн зөвшөөрөгсөд нүүрсний хулгайг гэнэт сөхөв. Өөрсдийн талд үр дүн гарсан бол хулгай яах байсан бэ. Цэвэр ялагдал хүлээсэн гомдлоо тэд тайлж эс чадан журмын нөхдөө одоо ч гүжирдэн харлуулсан хэвээр. Ардчилалтай сонгууль гэж олон нийт харж байлаа. Гэтэл төр барих эрх баригчид нам дотроо сандал ширээний төлөө хөлөө жийлцэж, нүүрсний асуудлыг нийгмийн сэдэв, бүр “хэрүүлийн алим” болгож дэвэргэж орхив.

Манайд мөлжүүртэй сэдэв бол нүүрс. Сүүлийн жилүүдэд нийгэм, улс төрийн хүрээнд хамгийн ихээр дуулиан шуугиан дагуулсан “нүүрс”-ээр нэгнээ тэд онилж, чөлөө завсаргүй нүдэж байна. Нүүрсийг бусдыгаа “матарлах” хар PR, тулсан газар хариу барих “сүүлийн сум” гэж үзсэн бололтой.

Хоёр жилийн өмнөх, бидний мартах шахсан нүүрсний сонсголыг одоо дахин сэргээж, улстөржүүлэн ашиглаж эхэлсэн нь өнөө олон хүнд гайхашрал төрүүлж, эгдүүцэх үндэслэл боллоо. Яагаад тухайн цаг үед нь нүүрсний хулгайгаа бүрэн бүтэн ярьж, хэлэлцээгүй юм бэ гэсэн асуулт хариулт нэхэж байна. 

Нүүрсний хулгай анх яригдахад одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар парламент даргалж байлаа. Спикер нь байлаа. Үндэсний аюулгүй байдлын гишүүн нь байлаа. Хамаг мэдээллийн төвд нь байлаа. Нүүрстэй холбоотой мэдээллийн сэжүүрийг атгаж, “Нүүрсний сонсгол”-ыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэд өөрөө даалгаж байлаа. Ж.Бат-Эрдэнэ гишүүнээр удирдуулах шийдвэрийг хүртэл гаргаж, сонсголыг чамбай зохион байгууллаа хэмээн түүнийг магтан сайшааж явлаа. Гэтэл одоо нүүрсний хулгайгаар намын нөхдөө сүрдүүлж, нэгнээ намнах “зэвсэг” болгов. Асуудал байгааг анх мэдсэн юм бол тэр яагаад дуугарсангүй вэ. Ийм атлаа гэнэт өнөөдөр нүүрсний хулгай гэж засаг төрөө юунд бужигнуулах дээрээ тулав... Энд хэний ямар эрх ашиг хөндөгдөх болов...

Нүүрсний хулгайд бусдыгаа баримтгүй сэрддэг, харлуулах ажиллагаа одоо ч эрх баригч намд үргэлжилсээр. Өмнө нь үүнээс болж хэлмэгдсэн хүмүүс ч байсан. Бусдын нэр хүндийг шороотой хутгасан нь бий. Нэгэнт уг сэдвээр эрх баригчид нийгмийн хэлэлцүүлэг өрнүүлж байгаа бол өндөр дүнтэй оффтейк гэрээгээ ч мартаж болохгүй. Өөрсдийн нүдэн дээр хийгдсэн гэрээгээ одоо ил ярих цаг, дэлгэх үе. Оффтейк гэрээг урьдчилгаа төлбөрийн гэрээ ч гэж ойлгож болно. Эдгээр гэрээгээ олон нийтэд ил болгож, нүүрсний хулгайгаа тал талаас нь шүүн хэлэлцэж, хариуцлагыг өнөөдрийн Ерөнхий сайд ч хүлээх ёстой юм. 

Түүний хувьд зургаан жил УИХ-ын даргын албыг хашсан. Хашсан учраас оффтейк гэрээнүүдэд хариуцлага хүлээх, хариулт өгөх хүмүүсийн нэг. “Эрдэнэс Тавантолгой”-н оффтейк гэрээнүүд нүүрсний хулгай болсон уу, үүнд хариулах гол эрх мэдэлтэн. Нүүрсний хулгай улстөрчдийн урдаа барьдаг сэдэв болж хувирсан нь үнэн. Үүнийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэлж, өөрийн байр сууриа илэрхийлсэн байсан. Нийгмийг хөдөлгөхөд ашиглах болсон “нүүрс” эх адаггүй маргаан, тэмцэл рүү улс орныг хөтөлж байна. Засаг тэргүүлэх Занданшатар нүүрсний хулгай ярих хэмжээний ёс суртахуунтай юу гэж асуух хэмжээнд бас хүрч байна. Түүнийг УИХ-ын дарга байхад хийгдсэн оффтейк гэрээнүүд улсад хэдий хэмжээний хохирол учруулсан бэ, тэр гэрээнүүдийг одоо ил болгохыг олон нийт бас шаардах эрхтэй юм. 

“Эрдэнэс Тавантолгой”-д шахаа хийсэн гэх улстөрчдийн хэргийг бас энэ удаа улсаараа хэлэлцье. Нүүрсний хулгайгаас гадна төмөр замын хулгайгаа хамт ярьцгаая. Нүүрсээрээ төлж буй төмөр замын өртгөө, хөнгөлөлттэй үнээр нүүрсээ нийлүүлэх гэрээгээ ил болгохыг шаардацгаая. Хөнгөлөлттэй үнийн зөрүүнээс улс хэрхэн хохирсныг ил болгох ажиллагааг эхлүүлье. Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компаниас нүүрс нийлүүлэхээр хийгдсэн оффтейк гэрээнүүдээ нэг нэгээр нь гаргаж ирээд нийтээрээ ил болгож хэлэлцье. Нүүрсний хулгайгаас хэн хохирч, хэн хожсон гэдгийг ард түмэн бас мэдэх эрхтэй.