УИХ-ын гишүүн П.Сайнзориг Засгийн газрыг огцруулах асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр, “Өрнөөд буй үйл явдалтай холбоотойгоор тодорхой мэдээлэл өгье.
Ард түмний өмнө тангараг өргөсний хувьд Үндсэн хуулийг зөрчиж байгаа парламентын засаглалд халдаж, ард иргэдийг төөрөгдүүлж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа ноён Г.Занданшатарыг Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулах асуудлыг хөндөж байна.
Энэ асуудлыг та бүхэн мэдэж буй биз. Ерөнхий сайд 100 хоногт юу амжуулснаа ярьж, мэдээлэл өгсөн. 3х3 сагсанбөмбөгийн баг маань АНУ-ыг хожлоо, шатар, бокс, математик, E-sport-ийн баг дэлхийд тэргүүлсэн нь манай Засгийн газрын аугаа ажил байлаа гэж яриад зогсож байна. Энийг ажил гэж хэлэх үү гэж олон нийт шүүмжилж буй. Нөхцөл байдлыг бид дүгнэж үзэхэд макро түвшний тоонууд нь бүгд худлаа байгаа.
Албан тушаалдаа үлдэх гэж улайрч болох ч олон нийтийг төөрөгдүүлж болохгүй. 2026 оны Төсвийн тухай хуульд аудитын газраас өгсөн дүгнэлт байна. Түүнд төлбөрийн тэнцэл 462.4 сая ам.доллар, урсгал данс 1.6 сая ам.доллароор алдагдалтай, шууд хөрөнгө оруулалт 945 сая ам.доллар болж буурсан нь эдийн засгийн өрсөлдөх чадвар сулрах, гадаад өрийн үйлчилгээний эргэн төлөлтөд хүндрэл үүсэх, тэнцлийн алдагдлыг гадаад өрөөр санхүүжүүлэх эрсдэл үүсэхээр байна гэж тусгажээ.
Гэтэл өнөөдөр валютын нөөц 5.7 тэрбумд хүрлээ гэж байгаа ч гадаадад төлөх ёстой бондын төлбөр, арилжааны банкуудад байгаа валютын нөөцийн нийлбэрийг нийлүүлж энэ дүнг хэлж байгаа юм. Экспортын орлого тасалдаж, валютын нөөц хэдийнэ хасах руу орсон.
Тийм ч учраас тэрбум ам.долларын оффтейк гэрээг шинээр байгуулна гээд явж байгаа. Тэрбум ам.долларын оффтейк гэрээний асуудлыг улсын төсөв рүү оруулаад ирчихсэн. Өмнөх балгаа арилгаагүй атлаа ингэж болохгүй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн худалдан авах журамд хууль бусаар өөрчлөлт оруулсан.
Энэ нь Чалькогоос зээл авах агуулгатай бололтой. Оффтейк гэрээнүүдийг нууцаас гаргаж ярих цаг нь болсон. Хөдөө аж ахуйн салбарын өсөлт гэдэгтээ төл мал шинээр мэндэлснийг хүртэл оруулчихсан. Эдийн засгийн хоёр хувийн өсөлт дунд уул уурхайн салбар 1 хувийг эзэлж байна. Цаашдаа дампуурал руу ч явж мэдэх энэ нөхцөл байдлыг худал мэдээллээр халхалж болохгүй. Өнгөрсөн жил 16 хувьтай байсан юм шүү.
Ерөнхий сайдын хэлж буй зарим тоон үзүүлэлт бол өмнөх Засгийн газрын үед бий болсон, зургадугаар сарын 30-ны өдрийн тоо. Мань хүн өөр дээрээ наагаад л яваад байгаа. Гуравдугаар улирлын санхүүгийн үзүүлэлт авах гэхээр нэгтгэж гараагүй гэж хэлээд өгөхгүй байгаа юм.
Төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилт бүгд зогссон. Орон нутаг болон яам тамгын газраас асуугаад үзээрэй. Тендерийн дагуу санхүүжилт өгч байгаа юу гэдгийг асуугаарай. Эдийн засаг элгээрээ хэвтсэн. Төрийн сангийн данс улайчихсан.
Цалин тэтгэврээ тавьж чадахгүй байдалд хүрлээ. Энийг аргалахын тулд оффтейкээр мөнгө олж ирэх нь ээ. ОУВС-гийн төлөөлөгчид Монголд ажиллаж байгаа. Тэд эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлээд дефолт зарлах нөхцөл байдал үүссэн учраас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагд гэдгийг хэлсэн. Гэтэл реел шахаж төрийн ажлыг хийж буй нь туйлын харамсалтай.
Г.Занданшатар Ерөнхий сайд болоод “данхар төрийг цомхоно” гэж мэдэгдсэн ч төрийн жинхэнэ алба хаагчдыг цомхотгосон. Эсрэгээрээ өөрийнхөө ах дүү, хамаарал бүхий хүмүүсээ Элчин сайдууд, консулууд болгож томилсон. Ярьдаг шигээ үнэн байх хэрэгтэй. Үүнийг шаардах нь УИХ-ын гишүүдийн үүрэг гэж бодож байна.
Засгийн газарт ажиллаж байгаа сайд нарын төсөв дээр маш олон төслүүд зураг төсөлгүй, ТЭЗҮ-гүй төсөвт туссан байна. Сайд нарын төсөв гэдгийг аудитын байгууллага хэлчихсэн. Цаг тулгаж оруулж ирчихвэл батлахгүй яадаг юм гэдэг байдлаар хандаж буй нь эмгэнэлтэй. Эрүүл хайгуул нь хийгдээд эдийн засгийн үр өгөөж нь тодорхой болчихсон “Оюут”-ыг манай Засгийн газар нээлээ гэсэн инээдтэй зүйл ярьж байна лээ.
Энэ чинь аль эрт нээчихсэн орд шүү дээ. Г.Занданшатарын хувийн пиарын орд биш. Баялгийн санг амилуулах асуудал бүгд зэрэглээ болсон. Үндсэн хуулийн заалтыг амилуулах заалт Ухаа худаг зэрэг ордууд дээр тулж очоод зогссон. Шал өөр зүйл яриад л гацаагаад явж байгаа. Уг нь энэ заалтыг өөрөө батлуулсан хүн шүү дээ.
Бид өдөр бүр 10 тэрбум төгрөг, жил бүр 4.7 их наяд төгрөгийг “Рио Тинто” компанид зээлийн хүүд төлж байна. Бидний зөвхөн нэг л жилд төлж байгаа зээлийн хүү нь 30 жил хүлээсэн V цахилгааны станцыг бүтнээр нь барих хэмжээний хөрөнгө юм. Үүнийг өөрчлөх боломжийг Засгийн газар алдаж, эс үйлдэхүйг хийж байна.
айлан авах гээд хандахаар ажлын хэсэг байгуулсан гээд л таг. АМНАТ-ийн асуудлаар би шүгэл үлээсэн хүн мөн. Гэтэл маш олон зүйлээр гүтгэж байна лээ. Би энэ төрд зарчимтай ажиллах гэж орж ирсэн болохоос биш буруу зүйлийн талаар нүдээ аних гэж орж ирээгүй. АМНАТ-ийн асуудлыг ярьж эхлэхэд л салбарын сайд нь "Нэг удаа л дуугүй өнгөрөөчих, гуйж байна" гэсэн. Би буруу зүйлийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй. АМНАТ-ийн аргачлалыг бууруулах замаар хулгайлж байхад УИХ-ын гишүүн би дуугүй явж чадахгүй.
Харин ч олон нийтийн анхааралд оруулна. Өмнө нь АМНАТ авч байсан аргачлал яг хэвээр байгаа. Гэтэл тэр зүйлийг өөрчлөхгүйгээр дахиад хөнгөлөлттэй үнээр АМНАТ төлөх хоёр заалтыг дөрвөн сар, 10 хоногийн хугацаатай оруулж ирсэн. Өмнөх шийдвэрээ хүчингүй болгоогүй байж ийм наймаа хийсэн. Монгол Улсын Үндсэн хууль, парламентын засаглал руу халдаж, тодорхой компаниудын эрх ашигт үйлчилж, нийгмийг эмх замбаараагүй байдал руу түлхэж буй Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг гаргаж байна” гэлээ.
Засгийн газрыг огцруулах үндэслэлээ маргааш УИХ-д өргөн барих бөгөөд 40 гаруй гишүүн гарын үсэг зуржээ.Ингээд УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын мэдүүлээд буй Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах үндэслэлийг тоймлон жагсаалтаар хүргэе.
-Засгийн газар тамирчдын ялалтыг “булаасан”: Залуусын амжилтыг “Засгийн газрын хийсэн агуу ажил мэтээр” олон нийтэд мэдээлж, өөрийн хүч хөдөлмөрөөр амжилт үзүүлээд, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа залуучуудыг доромжлохоос өөр ажил хийсэнгүй хэмээн олон нийт шүүмжилсэн
-Оюут ордыг өмнө нь Орос, Монголын геологичид илрүүлсэн. Өмнө нь нээн илрүүлээд байсан “Оюут” ордыг энэ Засгийн газар нээсэн мэтээр худал ярьсан.
-Үндэсний баялгийн санг үндсэнд нь зогсоосон. Стратегийн ордуудын 34 хувийг эзэмших, эсхүл үр өгөөжийг хүртэх асуудал ч хэрэгжихгүйд хүрч байгаа.
-Эдийн засгийн мэдээллүүдийг худлаа өгсөн. Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс валютын нөөцийг Монголбанкнаас 5.7 тэрбум доллар гэж зарласан ч үнэндээ энэ нь гаднаас босгосон буюу эргэн төлөгдөх ёстой бондуудын болон арилжааны банкуудын валютын үлдэгдлийн нийлбэрийг нийлүүлэн зарлаж иргэдийг төөрөгдүүлэн хуурсан.
-Нууц гэрээ байгуулах гэж зүтгэж байгаа. ЭТТ-н Худалдан авах журамд хууль бусаар өөрчлөлт оруулж “Чалко”-гоос зээл авахаар нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Өмнөх оффтейк гэрээнүүдийн балаг дуусаагүй байхад ийм хариуцлагагүй үйлдэл хийж байгаа нь Монгол Улсын ирээдүйг дуусгаж байгаа үйлдэл юм.
-Эдийн засгийн өсөлт 2 хувиар л тэлсэн. Үүн дотроо уул уурхайн салбар ердөө 1 хувийн өсөлт үзүүлжээ. Товчхондоо, өнгөрсөн жилийн өдийд бараг 16 хувиар өсөж байсан бол өнөөдөр энэ тоо 8 дахин буурсан.
-Төрийн сангийн данс улайсан. Цалин, тэтгэвэрээ тавьж чадах эсэх дээр тулж ирсэн байна.
-Монгол Улс дампуурах ирмэгт ирсэн. ОУВС-гийнхан манай улсад ажиллаж байгаа бөгөөд тус хөтөлбөрт орох эсэх асуудал яригдаж байна.
-Төрийн данхар бүтцийг улам данхайлгасан. Дарга нарыг бус жирийн төрийн албан хаагчдыг олноор халж байна. Харин ах, дүү, туслах, жолоочоо элчин сайдын яам, консулын хариуцлагатай албанд томилж байна.
-Сайд нарынхаа тойрогт төсөв тавьж байна. Тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгийг жил дамнуулан хувааж өгнө гэж төсөвт тусгасан ч сайд нарын сонгогдсон тойрогт шаардлагагүй хөрөнгө оруулалтууд ихээр тавигдсан гэх үндэслэлүүдийг тусгасан аж.