ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Цогтгэрэл: Ажил хийж байна гэж хулгай хийсний гор төрийн хямралд хүргэлээ

O.Admin
2025-10-06

УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар тайлбар өглөө. Тэрбээр, “Нэг улс төрийн хүчин буюу МАН-ынхан мөрийн хөтөлбөр нэртэй худлаа зүйлээр ард түмнийг хууран мэхэлж явсны гор гарч байна. Би сошиалаас УИХ-ын дарга манай бүлэгт мэдээлэл өгмөөр байна гэж хэлснийг сонссон.

Бидэнд албан ёсоор хүсэлт тавиагүй. Чуулган хуралдахгүй байгаа нь өнөөгийн удирдлагуудын л асуудал. МАН-ын дотоод асуудал энэ байдалд хүргэлээ. Ажил хийж байна гэж хулгай хийсний гор төрийн хямралд хүргэлээ.

Монгол Улсын төсөв эзэнгүйдчихлээ. Хэн хэлэлцүүлэх юм бэ. Монголын төрийг ч эзэнгүй байдалд хүргэлээ. Төсвийг буцаан тат гэдгийг олон нийт буруу ойлгоод байх шиг. Гурав хоногийн дотор өргөн барьж болно.

Өргөн барихдаа төсвийг сайжруулж, үргүй зардлаа бууруулж, хөрөнгө оруулалтын харьцааг тэнцүүл гэж байгаа юм. Төсөв битгий батла гэж байгаа юм биш. Зарчмын саналаа бид тавьсан. Алдаагаа засаад оруулаад ирж болно. Миний хувьд бүлгийн даргын ажлаа өгнө гэж мэдэгдсэн ч улс төрийн тогтворгүй байдлын улмаас та удирдаад байж бай гэдэг зүйлийг бүлгийн гишүүд хэлсэн” хэмээлээ.