ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Соёлын сайд MongolZ-гийн талаар хэлсэн үгнээсээ буцаж, сэтгүүлчид мушгисан гэв

O.Admin
2 цагийн өмнө

"E sport"-ийн төрлөөр дэлхий дахинд Монгол Улсын нэрийг гаргаж, тухайн төрөлдөө дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж буй "MongolZ" баг олон улсад Монголыг төлөөлсөн соёлын элч болох хүсэлт гаргасан гэх мэдээлэл явж буй.

Мөн тухайн баг олон улсын тэмцээнээс медальтай ирсэн атал холбогдох журмын дагуу яагаад төрөөс мөнгө олгохгүй байгаа талаар Соёлын сайд Ч.Ундрамаас сэтгүүлчид тодруулахад “MongolZ багийн хувьд Ч.Номин сайдын үед Биеийн тамирын улсын хороогоор дамжуулаад тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн санхүүжилт олгосон. Хоёрдугаарт, өөрсдөө УИХ-ын гишүүн П.Сайнзоригоор дамжуулан “Соёлын элч” болох хүсэлт гаргасныг нь бид Гадаад хэргийн яам руу явуулж, энэ асуудлыг шийднэ үү гэж хандсан.

Миний сонссоноор тус багийг үүсгэн байгуулсан холбооных нь Удирдах зөвлөлд төрийн өндөр албан тушаал эрхэлж буй хүний гэр бүлийн хүн байдаг, улс төрдөө ашиглах нөхцөл бүрдүүлсэн гэж сонссон. Тиймээс Монголынхоо нэр хүндийг гаргаад явж байгаа спорт, урлагийнхныг чадлаараа татвар төлөгчдийн мөнгөөр дэмждэг.

Монголынхоо нэрийг гаргаад явж байгаа бусад бизнесийн салбарынхныг дэмждэггүй. Олон улсад хүсэл сонирхлоороо очиж тоглоод амжилт гаргаад, олон улсаас мөнгөн шагналаа аваад явж байгаа залууст талархалтай хандаж байгаа ч татвар төлөгчдийн мөнгөнөөс заавал урамшуулал өгөх албагүй” гэж мэдэгдсэн.

Харин үүний хариуд “Mongolz” багаас “The MongolZ Esports Organization татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Авахгүй. Манай арын албанд улс төртэй холбоотой хүн ажилладаггүй. Ажиллахгүй.  Бид ямар нэг холбоонд харьяалагддаггүй, үйл ажиллагаагаа бие даан явуулдаг. Харьяалагдахгүй” хэмээн мэдэгдлээ.

Тэгвэл үүний дараа Ч.Ундрам сайд “MongolZ багийн тамирчид маань өөрсдөө тэмцээн зохион байгуулж байгаа талаасаа зардлаа гаргуулаад, шагналаа аваад явдаг учраас татвар төлөгчдийн мөнгөнөөс дэмжлэг авахгүй гэж ярьдаг үлгэр жишээ баг. Манай олон баг тамирчид яг ийм жишгээр явдагт бахархдаг. Мэдээж зарим шаардлагатай бодлогын дэмжлэгийг яамнаас үзүүлээд явна. Үүнийг хэвлэлийнхэн маань буруу ойлгож, гуйвуулж, улс төржүүлэхгүй байхыг хүсье” хэмээн өөрийн ярьсныгаа сэтгүүлчид зохиож бичсэн мэтээр мушгих нь тэр.