ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

А.Гансүх: Аав минь автомашинд дайруулсныг тохиолдол гэж бодохгүй байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-03-11

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн ял сонссон хоёр хүнд ял төлөвлөхөд оролцсон байж магадгүй гэх мэдээллийг өнгөрөгч даваа гарагт 401 дүгээр хорих ангид ажиллах үедээ хийсэн байдаг. Мөн үүний дараа ҮАБЗ-ийн гурван ажилтан ОХУ руу явж хоёр машинаар 20 сая ам.доллар ачиж ирсэн гэх гүтгэлгийг мөн тараасан байдаг. 

Улмаар мягмар гарагт Ерөнхийлөгч Х.Баттулгад түүнийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргын албан тушаалаас нь түдгэлзүүлэх ёстой гэсэн албан бичгийг хүргүүлсэн билээ. Харин А.Гансүх дарга өчигдөр энэ талаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгч “Улс төрийн зорилгоор намайг гүтгэж байна. Мөн ҮАБЗ-ийн гурван ажилтан ОХУ руу тусгай ажлаар явсныг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон гүтгэж, харлуулах ажиллагаа идэвхжлээ” хэмээн ярилцлага өгсөн.

Тэгвэл өчигдөр А.Гансүх даргын өндөр настай аавыг гарцаар гарч явахад нь машин дайрчихаад зугтсан хэрэг гарчээ. Аавыг нь хоёрдугаар эгнээнд явж байсан машин гэнэтхэн даялан гарч ирээд дайрч буй нь бичлэгт үлдсэн бөгөөд “Манай найз дайруулчихлаа” хэмээн өөрөө эмнэлэгт хүргэж өгөөд зугтжээ. Тэгвэл энэ талаар А.Гансүх дарга өөрийн нүүр номын хуудсандаа бичиж, санамсаргүй тохиолдол биш гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна.

Тэрбээр,

“У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарт

Өнөөдрийг хүртэл болж буй үйл явдлыг улс төр, гэхдээ их бохир улс төр гэж бодож явлаа. Хувь хүн рүү дайрсан гүтгэлэг, доромжлолыг тэвчиж ирлээ. ҮАБ-ыг хамгаалдаг хамт олныг гүтгээд эхлэхээр нь нийгэмд хагарал, талцал үүсгэхээс сэргийлж, энэ сарын 09-нд өдрийн сонинд ярилцлага өгснийг уншсан би. Гэтэл тэр орой 17.50 цагт өндөр настай аавыг минь гэрийн гадаах явган хүний гарцаар гарч явахад нь машинаар дайрлаа. Өндөр настай аав маань хүнд гэмтэл авч одоо гэмтлийн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байна.

Үүнийг би тохиолдол гэж бодохгүй байна. Миний гэр бүл, ойр дотны хүмүүс рүү халдлага хийгдэж байна. Дараа нь юу болох вэ. Та нарт хэлэх үг байна. Эр хүний зориг гаргаад зөвхөн надтай л тулчих. Миний настай аав, ээж дүү, эхнэр хүүхдүүд, найз нөхөд, хамт олныг минь орхичих. Тэд маань Монгол Улсын жирийн иргэд. Монгол төр иргэдээ хэлмэгдүүлэхгүй гэж найдаж байна. Хууль хүчний байгууллагад итгэхгүй байгаа учир нийгэм рүү хандлаа. Шуурхай арга хэмжээ авч амийг нь аварсан Гэмтлийн эмнэлгийн хамт олонд маш их баярлалаа. Эмч нартаа найдаж байна” хэмээжээ.