Коронавирусийн халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 192, Цэргийн төв эмнэлэгт 42, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34, тандалтын шугамаар тав гээд нийт 273 хүний давтан шинжилгээний хариу гарч коронавирус илрээгүй талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.
Харин дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт нэг, нэг сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлагдан тандалт, шинжилгээ хийгдэж байгаа аж. Мөн дараагийн нислэгээр ирэх иргэдээс ХӨСҮТ 74 хүнийг хүлээж авах бэлтгэлээ хангалаа.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ, "оношлуур хүрэлцээтэй байгаа, тусгай үүргийн онгоцоор ирэх оношлуурыг хүлээж авна.Түргэвчилсэн гурван төрлийн оношлуур ирсэн бөгөөд аль нь сайн гэдгийг судалж байгаа" гэдгийг онцолсон юм.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа хэлэхдээ “ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дахинд 827419 тохиолдол бүртгэгдэж, 40777 хүн нас барсан. Харин шинээр Африкийн гурван улсад халдвар гарлаа.
БНХАУ-д шинж тэмдэггүй 130 тохиолдол шинээр бүргэгдсэнээр шинж тэмдэггүй нийт 1541 тохиолдол гарсны 205 нь гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол болж байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт нас баралт хоёр дахин нэмэгдэв. Нас баралтын хувь Италид 12, Испанид 8.6, АНУ-д 1.3-тай байна.
Хэдхэн өдрийн дараа халдварын тохиолдлын тоо нэг сая, нас баралт 50 мянгад хүрэхээр байна" гэлээ