Эрүүл мэндийн яам өдөр бүрийн 11:00 цагт халдварт өвчний талаар хүргэдэг мэдээллээ шинэчлэн хүргэлээ. Коронавирусийн халдвар нийтдээ дэлхийн бүх тивийг хамарч, 132 оронд бүртгэгджээ. Өнгөрсөн шөнийн байдлаар шинээр есөн оронд бүртгэгджээ. Тодруулбал, Этоп, Судан, Кени зэрэг Африкийн орнуудад шинээр бүртгэгдсэн байна.
Хятадын тухайд цар тахлын тархалтыг тогтоон барьж чадсан бол араас нь эрчимтэй нэмэгдэж байсан Солонгос, Японд өвчлөл буурч, Европын орнуудад эсрэгээрээ тархалт нэмэгдэж байгааг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцоллоо.
Тэрбээр, “ДЭМБ-аас найман чиглэлийн үйл ажиллагааг чухалчилж үзэхийг анхаарууллаа. Үүнд бэлтгэх буюу бэлэн байдлаа хангах, хоёрт илрүүлэх урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх, гуравт хүрээгээ хумих, сайжруулах буюу голомтыг цомхотгох гэсэн үндсэн дөрвөн чиглэлд нэмж дөрвөн чиглэлд ажиллах шаардлагатайг хэлсэн” гэв. Монгол Улсад хэдийгээр ганцхан тохиолдол бүртгэгдэж, бусад харьцсан хүмүүс нь халдвар аваагүй гэж байгаа ч энэ нь анхаарлаа сулруулж, монгол хүнд халдахгүй хэмээн хэнэггүйтэх үе биш гэсэн юм. Өөрөөр хэлбэл, хүн бүр, улс бүрэн хариуцлагатай байх ид үе нь эхэлж байгаа бөгөөд цаашдаа ч өвчлөл нэмэгдэх өндөр магадлалтай байгааг ДЭМБ-аас анхааруулжээ.
Мөн ДЭМБ-аас халдвар хамгааллын чиглэлээр зөвлөл байгуулсан аж. ДЭМБ Германы хүрээлэнтэй, Хятадын Өвчин судлалын үндэсний төвтэй хамтарсан баг Иранд гурван сарын 10-нд очиж ажилласан гэдгийг Монгол дахь ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа хэлэв.