УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар хэлэлцэж байна.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд ЖДҮ-ийн асуудлаар мэдээлэл хийх эсэхийг лавлаж, “Шатахууны үнэ дахиад өслөө. Бууруулж чадахгүй бол сайд нь бас огцрох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн саналд ямар хариулт өгсөн бэ. Ард түмэн чих тавин хүлээж байна. Тэгэхгүй бол ганцаардсан Ерөнхийлөгч болж харагдаад байна. Би ганцаардал ямар байдлыг мэднэ. Төсвийн хэддүгээр хэлэлцүүлэг явж байгаа юм бэ. Мэдээллээ бичгээр өг л дөө. Хөдөө аж ахуйн сайдаа хэзээ томилох юм бэ” зэрэг асуултыг тавив.
Түүний асуултад УИХ-ын дарга М.Энхболд “Энэ долоо хоногт Ерөнхий сайд мэдээлэл хийх ёстой. О.Баасанхүү гишүүн сэдвийг нь өөрчилье гэж байх шиг байна. Дэгийн дагуу бол долоо хоног хэрэгтэй. ХХААХҮ-ийн сайдын тухайд одоогоор ажлаа хийж байгаа. Таны хүссэн ажлын хэсэг болгонд оруулах захирамжыг гаргаж байгаа. Харин та ажлын хэсэгт орохдоо сүр дуулиантай ороод, орсныхоо дараа ажлаа хийх талаар анхаарах хэрэгтэй байх” гэв.
Ингээд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж эхлэв. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.