ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, менежментийг хэлэлцлээ

O.Admin
10 цагийн өмнө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд “Газрын доройтлыг бууруулах шийдэл: Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, менежмент, санхүүжилт” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг Цэнхэр бүсийн Монгол Улсын Өргөө танхимд боллоо.

Тусгай хамгаалалттай газар нутаг нь байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалахаас гадна газрын доройтол, цөлжилтийг бууруулах, экосистемийн бүрэн бүтэн байдлыг хадгалах урт хугацааны чухал шийдлийн нэг. Газар нутгийн сүлжээг шинжлэх ухааны үндэслэлтэй өргөжүүлэх, хамгааллын бодит үр дүнг нэмэгдүүлэх, менежмент, засаглал, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчлэлийн ач холбогдлыг онцолж, бодлого боловсруулагчид, мэргэжлийн байгууллага, хөгжлийн түншүүдийн түвшинд хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс байгаль хамгаалах эртний түүх, уламжлалтай. Богдхан уулыг 1778 онд албан ёсоор дархлан хамгаалсан нь Монгол Улсад төдийгүй дэлхийн хэмжээнд хамгийн эртний хамгаалалттай газар нутгийн нэг хэмээгддэг.

Тусгай хамгаалалттай газар нутаг нь зөвхөн байгаль хамгааллын асуудал биш. Энэ бол газрын доройтлыг бууруулах, усны эх үүсвэрийг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, иргэдийн амьжиргааг хамгаалах бодит шийдлийн нэг юм. Манай улсын хувьд нийт газар нутгийнхаа 21 орчим хувь буюу 32.8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад хамруулаад байна.

Энэ тоог зөвхөн нэмэгдүүлэх бус. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг анхаарч ажиллаж байгааг онцлов.

Мөн байгаль хамгааллын тогтолцоогоо гурван үндсэн чиглэлээр шинэ шатанд гаргахыг зорьж байна.

Нэгдүгээрт, талбайн хэмжээнээс бодит үр дүн рүү.

Хоёрдугаарт, захиргааны удирдлагаас хамтын оролцоо руу.

Гуравдугаарт, жил бүрийн төсвөөс тогтвортой, олон эх үүсвэртэй санхүүжилт гэдгийг дурдсан. Түүнчлэн уг арга хэмжээ шинжлэх ухаан, бодлого, санхүүжилт, практик туршлагыг холбосон үр дүнтэй талбар болж, Монгол Улс төдийгүй дэлхийн хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаа” гэдгээ илэрийллээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд Б.Бат-Эрдэнэ, Л.Соронзонболд, А.Ундраа, НҮБ-ын Суурин төлөөлөгч Jaap van Hierden, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ТХГН-ийн бодлогын газар, Дэ Нэйче Консерванси, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монголын Байгалийн Өв Сан болон тусгай хамгаалалттай газрын төлөөлөл оролцлоо.