ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Аялал жуулчлалын автомашинуудад хязгаарлалтгүй шатахуун олгоно

O.Admin
2 цагийн өмнө

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын өнөөдрийн /2026.08.07/ хурлаар хэлэлцсэн асуудал, онцлох мэдээллүүд: 

-2026 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 95 чиглэлд 190 цагдаагийн албан хаагч, 43 олон нийтийн цагдаа 56 байршилд ажиллаж байна.

-Монополын эсрэг газар болон Тагнуулын ерөнхий газрууд холбогдох мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эрчимжүүлж байна.

-Шатахуун түгээх станцууд бүх хошуугаар авто бензин олгох үүргийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 59 ШТС 2 хошуугаар, 12 ШТС 4 хошуугаар, 4 ШТС 6 хошуугаар, 1 ШТС 8 хошуугаар олгож байгаа бол 15 ШТС 1 хошуугаар олгож байна.

Түүнчлэн, орон нутгийн удирдлагууд болон ШТС-уудад аялал жуулчлалын компаниудын авто машиныг хязгаарлалтгүй шатахуун олгох боломжоор хангах үүрэг өглөө. Шатахуун импортлогч ААН-үүдийг дотоод хяналтаа сайжруулж аливаа дамын наймааг таслан зогсооход онцгой анхаарах үүрэг чиглэлийг өглөө.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэхдээ "Гадаадын жуулчдыг аялуулж буй ААН-үүдэд шатахууныг чөлөөтэй олгох зохицуулалтыг холбогдох яамд хамтран гүйцэтгэж байна. Монгол Улс онцгой нөхцөл байдалд нөөцөө зөв хуваарилдаг, мэдээллийг ил тод нээлттэй хүргэдэг системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь хаана, аль ШТС-уудад автомашины дараалал  хэрхэн үүсэж байгааг ч харуулна. Шатахуун импортлогч  зарим ААН-үүдийн түгээгч, ШТС-ын эрхлэгчдийн хуйвалдсан дамын наймааны бүлгүүд байгаа. Үүн дээр дотоод хяналтаа тавьж сахилга батаа сайн хангах хэрэгтэй" гэлээ.