Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөө байрладаг хэсэгт барилга барих зорилгоор 2026 оны долоодугаар сарын 31-ний шөнө ямар нэг зөвшөөрөлгүйгээр хууль зөрчин хулгайн сэдлээр тус хөшөөг зөөсөн байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ямар нэг зөвшөөрөл өгөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Улаанбаатар хот өмчөө хамгаална. С.Зоригийн хөшөө бол Монголын ардчиллын бэлгэ тэмдэг. Энэ хөшөө бол Монголын нэн шинэ үеийн түүхийн ой санамж, үзэл санаа, үнэт зүйл. Монголын түүхийг худалдах эрх хэнд ч байхгүй. Монголын ардчиллыг өмчлөх, наймаалцах эрх хэнд ч байхгүй.
Монголын ардчилал С.Зоригтой хамт байх ёстой. Эрх чөлөөний мэдрэмжтэй шинэ үеийн залуус үнэт зүйл, үзэл санаагаа хамгаалахын төлөө хатуу зогсоно. С.Зориг “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн байдаг. Ардчилсан нийгэмд өссөн хотын даргын хувьд дараах шийдвэрийг гаргаж байна.
Нэгт, хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор нийтийн эзэмшлийн талбайд цагдаагийн хамгаалалт доор, мэргэжлийн багтай хамтран буцаан байрлуулахыг НЦУГ-ын дарга О.Ганбат, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр нарт үүрэг болгож байна.
Хоёрт, Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Соёлыг өвийг нүүлгэн шилжүүлэх, тээвэрлэх тухай журмыг зөрчсөн этгээдүүдийг олж тогтоож, олон нийтэд мэдэгдэхийг үүрэг болгоё. Хотын даргын ажлыг хийх хугацаанд хөшөө байрлаж буй энэ талбайд ямар нэг барилга байгууламж баригдахгүй гэдгийг мэдэгдэж байна.
Цаашид Улаанбаатар хот хотын ой санамж болсон түүх, соёлын үнэт өв, хөшөө дурсгал, барилга байгууламжид хэн нэгэн шуналын сэдлээр хандаж, дураараа гар хүрдэг энэ байдлыг алга болгохын тулд хууль зүйн орчныг бий болгоно” гэдгээ онцоллоо. Хөшөөг буцааж нийтийн эзэмшлийн талбайд, цагдаагийн хамгаалалт дор, мэргэжлийн багтай буцааж байрлуулах ажиллагаа явагдаж байна.
