ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тариалалтын чанар, хээрийн соёололт онц сайн үнэлгээтэй гарчээ

O.Admin
5 цагийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд газар тариалангийн салбарын нөхцөл байдлын талаар танилцуулав. Тэрбээр, "Улсын хэмжээнд 365.5 мянган га-д үр тариа, үүнээс 317.6 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.1 мянган га-д хүнсний ногоо, 74.7 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн. 

Энэ жил 270.2 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 250.6 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт, 160.1 мянган га-д уриншийн хоёрдугаар боловсруулалтыг тус тус хийсэн мэдээтэй байна. Уринш боловсруулалт үргэлжилж байна.

Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 79 сумын 943 аж ахуйн нэгж, иргэдийн 318.9 мянган га үр тарианы талбайг хамруулан хийснээр нийт тариалсан талбайн 74.5 хувь буюу 237.7 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан.    

Цаг уур, орчны шинжилгээний газраас тариалангийн бүс нутгуудад  7, 8, 9 дүгээр саруудад гаргасан цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээнд үндэслэн  таримал ургамлын ургалтын хугацаанд өвчин, хөнөөлт организмын тархалт нэмэгдэх нөхцөл үүсч болзошгүй байгаатай холбогдуулан ургамал хамгааллын технологийн зөвлөмжийг гарган тариаланчдад хүргэх ажлыг зохион байгуулж байна. Газар тариалангийн голлох бүс нутгуудаар улаан буудайн “түрүүлэлт”, “цэцэглэлт”-ийн үе шат жигдэрсэн, Таримал сорт, болцоос шалтгаалан таримлын өндөр 45-100 см байна. Буудайн аарцан бололт цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээ, буудай тариалсан хугацаа зэргээс харгалзан үзэхэд 08 дугаар сарын 14-нд эхлэх урьдчилсан төлөвтэй байна.

Төмсний талбайд “цэцэглэлт”-ийн үе шат эхэлсэн, нийт талбайд ургамлын ургалтын байдал сайн, гэмтэл ажиглагдаагүй байна. Эртийн ургацын төмс, хүнсний ногоо, тухайлбал байцаа, сонгино, манжин, лууван, навчит ногоо, өргөст хэмхийн түүвэр хураалт эхэлж, зах зээлд борлуулагдаж байна" гэв.