ОУХМ Д.Ганбат Азийн Пара наадмын жүдо бөхийн +90 кг жинд түрүүллээ

Т.САНДАГ-ОЧИР
2023-10-25

Ханжоу 2022 Азийн зуны спортын Пара наадам дөрөв дэх өдрөө БНХАУ-д үргэлжилж байна.

Өнөөдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +90 кг жинд ОУХМ Д.Ганбат алтан медалийн төлөө Казахстан улсын тамирчин Утепов Ерлантай барилдаж үндсэн цагт цэвэр яллаа. Тэрбээр хагас шигшээд БНХАУ-ын бөх Чи Жиалонтой барилдаж үндсэн цагт цэвэр ялсан юм. 

Д.Ганбат нь Азийн Пара наадамд манай улсаас хамгийн олон оролцсон тамирчин бөгөөд "Гуанжоу-2010" наадамд мөнгө, "Инчён-2014" наадамд хүрэл медаль хүртэж байв. Түүнчлэн Азийн наадмын жүдо бөхийн төрөлд медаль хүртсэн Монголын 20 дахь тамирчин болжээ.

Ингэснээр манай улс энэ удаагийн Азийн Пара наадамд хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 15 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. “Ханжоу-2022” Азийн зуны спортын пара наадамд Монголын баг тамирчид спортын 14 төрөл (жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон)-д 68 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорьж байгаа.