Токио хотын Чиёода тойргийн Ясүкүни сүмд болсон сүмогийн үйл ажиллагаанд оролцохдоо ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ том хүү Г.Тэмүжингийн хамт дэвжээнд гаржээ. Дараа нь Мидорифүжи Казүнарид хүүгээ өгч, өөрөө ёслолоо гүйцэтгэсэн байна.
Тэрбээр анх удаагаа хүүгээ танилцуулж буй нь энэ юм. Дэвжээнээс буусныхаа дараа ярилцлага өгөхдөө “Хүүгээ мавашитай харсан чинь үнэхээр хөөрхөн байна” хэмээн инээмсэглэжээ.
Түүний том хүү Г.Тэмүжин 2022 оны арваннэгдүгээр сард төрсөн. Одоо нэг нас дөрвөн сартай ч 17 кг жинтэй бөгөөд таван настай хүүхдийн том размерын маваши өмсөж аавтайгаа дэвжээнд гарсан гэнэ. Мидорифүжи Казүнари “Манай охин зургаан сартай. Миний охиноос бараг хоёр дахин хүнд байлаа. Гэхдээ үнэхээр хөөрхөн байсан болохоор хүнд санагдаагүй” хэмээн ярьжээ.
Ирээдүйд Г.Тэмүжин хүү аав шигээ сүмогийн их аварга болох биз ээ.