Ч.Тэмүүлэн: Сагсанбөмбөг миний амьдралд маш том орон зайг эзэлдэг

O.Admin
2024-04-24

Сингапур улсад болсон Азийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн тамирчин Ч.Тэмүүлэнтэй цөөн хором ярилцлаа.

-Сагсан бөмбөгийн спорттой хэзээнээс холбогдож эхэлсэн бэ. Яагаад энэ спортоор хичээллэх болов?

-Намайг бага байхад эгч маань сагсан бөмбөг тоглодог байсан юм. Харах хүнгүй учраас эгчийгээ дагаж спорт зааланд өнждөг байлаа. Тэр үеэс энэ спортыг сонирхох болж, 15 настайдаа тоглож эхэлсэн. Хоёр жилийн өмнө U18 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд баг бүрдүүлэх үед бэлтгэл хийж, шигшээ багийн бүрэлдэхүүнд орж байсан.

-Энэ спортын юу нь хамгийн их татдаг вэ?

-Миний хувьд нэг зорилгын төлөө багаараа ажиллах нь гоё байдаг. Нөгөө талаар бусад спортыг бодвол олон хүн үздэг учраас үзэгчдээс ирэх сэтгэл ханамж их гоё.

-“Монголчууд багийн спортоор хэзээ ч амжилт гаргахгүй” гэх ойлголт байсан. Гэсэн ч, 3x3 шигшээ баг тэр ойлголтыг эвдэж, багийн спортод ч амжилттай оролцож чадна гэдгийг батлан харуулж чадсан шүү дээ?

-Тэр яриаг 2017, 2018 онуудад ах нар маань эвдэж, багийн спортод ч монголчууд амжилт гаргаж чадна гэдгийг харуулж байсан. Тухайн үед ах нар Азийн аварга болсон. Өнгөрсөн жил ч амжилтаа давтсан. Энэ жилийн хувьд бид эрэгтэй, эмэгтэй шигшээ багаараа хос хүрэл медаль авснаараа өвөрмөц байсан байх.

-Багийн тоглолтын онцлог нь юу байдаг юм бэ. Мэдээж хувь тоглолт хийж болохгүй байх?

-Багийн хэн нэг гишүүн сул байвал би бөмбөгөө тийш нь өгөх ёстой. Хувиа хичээхгүйгээр би биш бид гэсэн үзэл бодолтойгоор багийнхаа төлөө нэгдмэл тоглодог.

11 Temuulen Chingis (MGL)

-Тоглолтууд дундаас сэтгэлд хадаатай дурсамж байдаг бол хуваалцаач?

-Байдаг. Хоёр жилийн өмнө 18 насны 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д Латви, Киргиз, Чили, Португалтай нэг зоонд орсон байсан. Эхний тоглолтод хамгийн сайн баг болох Латвийг хожсон. Орой нь Киргизтэй тоглохдоо 20:17 харьцаатай хожиж байгаад баззердуулаад хожигдчихсон. Тэр тоглолтод хожсон бол шилдэг наймд үлдэж цаашдаа медалийн төлөө ч тоглох боломжтой байсан гэж хардаг. Тэр тоглолтод баззердуулдаг мөчид “хамгаалчихсан байсан бол”, “арай өөр үйлдэл хийсэн бол” гэж харамсдаг. Санаанаас ер гардаггүй юм.

-Сагсан бөмбөгийн спорт таныг яаж өөрчилсөн бэ?

-Би багаар ажиллаж сурсан. Олны дунд биеэ хэрхэн авч явах, бусадтай зохистой харилцах зэргийг сургасан. Ер нь бол миний амьдралд маш том орон зайг эзэлдэг.

-Олон улсын тэмцээнүүдэд оролцохдоо сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Тоглолтын өмнө дуртай дуугаа сонсож өөрийгөө сэргээдэг. Аль нэг төрөл гэхээсээ илүү чихэнд гоё сонсогдсон дууг сонгодог. Реппер Э.Тамирын дууг түлхүү сонсдог юм байна.

11 Temuulen Chingis (MGL)

-Азийн аваргын хүрлийн төлөөх тоглолтын өмнө ямар дуу сонссон бэ?

-290-ын “Бинго” дууг сонссон. Хоёр ч тоглолтын өмнө тэр дууг сонссон.

-Бусад улсын тамирчидтай харьцуулахад монгол тамирчдын биеийн хөгжил ямар байдаг вэ? 

-Монгол тамирчдын биеийн хөгжил бусад орныхоос хамаагүй сул байдаг. Бид илүү хөдөлмөрлөж, илүү хүчтэй байх ёстой.

-Ч.Тэмүүлэнгийн нэг өдөр яаж өнгөрдөг вэ. Өдрийн хэмнэлээ сонирхуулбал?

-Би Рояал их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан, бизнесийн удирдлага мэргэжлээр суралцдаг. Өглөө хичээлдээ явна. Өдөр, оройдоо бэлтгэлээ хийнэ. Өдөрт хоёр удаа бэлтгэл хийгээд хажуугаар нь хичээлээ амжуулаад явдаг даа.