ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Даваасүрэн: Миний амьдрал Үндэсний номын сантай салшгүй холбоотой

O.Admin
2019-07-01

Монгол Улсын Үндэсний номын сангийн мэргэжилтэн, Монголд иргэний номын санг хөгжүүлэхээр зорьж буй  “Beyond books” төслийн  зохицуулагч М.Даваасүрэнтэй ярилцлаа.

М.Даваасүрэн Өмнөд Австралийн их сургуульд номын сан, мэдээллийн менежментээр магистрын зэрэг хамгаалж, улмаар номын сангийн салбарын тэргүүлэгч хоёр байгууллага болох IFLA /Олон Улсын Номын сангийн холбоо/, OCLC /Онлайн Компьютер Номын Сангийн Төв/ хамтран хэрэгжүүлдэг хөгжиж буй орнуудын номын сангийн салбарын таван залуу мэргэжилтэнд олгодог нэр хүндтэй тэтгэлэгт хөтөлбөрт монголоос анх удаагаа шалгарч, мэргэжил дээшлүүлсэн салбартаа тэргүүлэгч залуу мэргэжилтэн юм.  

Олон улсын жишиг номын сангийн боловсрол эзэмшиж, сурч мэдсэнээ Монголынхоо хөрсөнд буулгаж, ажил хэрэг болгохын төлөө чармайн зүтгэж яваа түүнийг Үндэсний номын сангийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлсэн эгзэгтэй үед нь онцолж ярилцлаа.

-НАДАД ҮНДЭСНИЙ НОМЫН САНГ ХӨГЖҮҮЛЭХ БҮРЭН ЗУРАГЛАЛ БИЙ-

-Монголын Үндэсний Номын сангийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалт зарлагдсан. Уг сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлэх болсон шалтгаанаас чинь ярилцлагаа эхлүүлье.

-Шалгаруулалтын зарыг арав хүрэхгүй хоногийн өмнө санаандгүй олж харсан. Маш өрөөсгөл, номын сан, мэдээллийн шинжлэх ухааны менежментийн онцлогийг огт тусгаагүй, мэргэжлийн ур чадварыг гаргах боломжгүй тийм үзүүлэлтүүдтэй байсан. Шулуухан хэлэхэд хэн ч ирээд суучихаж болохоор. Тиймээс салбараа хамгаалж дуу хоолойгоо хүргэж, оролцоод үзье гэж шийдсэн. Нөгөө талаар энэ салбарт мэргэжилтэн болж төгсч ирсэн хүний хувьд хөгжлийн бүрэн зураглалыг харж, юу хийж, яаж өөрчлөх боломжийг үргэлж тооцож явдаг л даа. Үндэсний Номын сангийн захирал гэдэг бол нийт Монголын номын сангуудын толгой, удирдлагын асуудал. Тэгэхээр зайлшгүй мэргэжлийн хүн байх шаардлагатай.

-“Асуудлыг бүрэн зураглалаар нь харж явдаг” гэсэн үг сонирхолтой байна. Таны нүүр хуудсыг харахад сонгон шалгаруулалтанд оролцох болсон тодорхой шалтгаануудыг нэрлэж бичсэн байсан.

-Би Австралид номын сан, мэдээллийн удирдлагын чиглэлээр боловсрол эзэмшсэн. Монголд ирснээс хойш сүүлийн хоёр жил IFLA (Олон улсын номын сангийн холбоо) гэх 90 гаруй жилийн түүхтэй, дэлхийн номын сангуудын толгой байгууллагаас дэлхийн дахинд хэрэгжүүлж буй хоёр төсөл дээр Монголын номын сангийн салбараа төлөөлөн ажиллаж байна. Энэ хүрээнд хот хөдөөгийн бүх төрлийн номын сангуудыг хамруулж улсын хэмжээний хоёр зөвлөгөөн зохион байгуулахдаа номын санч, мэргэжилтнүүдтэй хамтран энэ салбарын сорилт бэрхшээл, хийж хэрэгжүүлэх ёстой ажлуудыг цогцоор нь гаргасан. Ингээд олон улсын жишиг, Монголынхоо хөрс хоёрыг харьцуулж, хийх ёстой бодит ажлуудыг зах зухаас нь буулгасан маань тэр л дээ.  Товчхондоо манайх дэлхийн хаана явна, ямар алдаа оноо байна, яаж засаж залруулах вэ гэдгийг харж чадаж буйгаа бүрэн зураглал гэж байгаа юм.

-Шалгаруулалтанд орж буйгаа нүүр хуудсаараа олонд зарласан тухайд тодруулбал? Хүмүүс яаж хүлээж авч байна?

Шалгаруулалтанд орох эсэхээ найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ нэлээд зөвлөсөн. Ихэнх нь дэмжиж байсан ч ганц нэг нь “Улс төрийн томилгоо. Ийм зүйлд нэрээ хутгах хэрэг байна уу” гэж зөвлөж байсан. “Улс төрийн томилгоо” гэдэг шалтгаанаар материалаа өгөхгүй байх нь мэргэжлийнхээ, хувь хүний үнэт зүйлийнхээ эсрэг хийж буй үйлдэл мэт санагдаад номын санчдаа уриалж сонгон шалгаруулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүлэн, зориг шулуудан материалаа өгсөн. Тэгэж зарласан нь нэг талаар “ар талгүй” над шиг хүний хувьд олон нийтээс дэмжлэг авах нэг боломж, нөгөө талаар үеийн залуусаа уриалсан хэрэг юм. Хамгийн гайхалтай нь гадаад дотоодоос үлгэр жишээ авч суралцаж явдаг эрдэмтэн сэхээтнүүд, салбарынхан маань, шилдэг залуус түүчээлэн дэмжиж байгаад их баяртай байна.

-Энэ үйлдлээрээ залуучуудуудыгаа уриалж байна гэдэг чинь их сайхан санагдлаа?

Энэ жил Австралийн Засгийн Газрын тэтгэлгийн төгсөгчдөд зориулсан “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрт хамрагдахдаа залуу үеийн идэвхтэй оролцоо өнөөгийн Монголын нийгэмд ус агаар шиг хэрэгтэй байгааг ойлгосон юм. Австралид магистр хамгаалсан найзуудтайгаа хамтарч, нийгмийн сайн сайхны төлөө иргэний номын сангийн “Beyond books” төслөө хэрэгжүүлэх явцдаа бид олон залуустай уулзаж, хамтран ажилласан. Эндээс би нэг зүйлийг мэдэрсэн. Одоо дөчин дээрээ байгаа ах эгч нар маань эрүүл хөрсийг нь тавиад, бидний үеийнхэн манлайлж гарч ирээд, одоо дөнгөж хорь гарч буй залуусын үе араас нь түрхрээд ороод ирэхэд энэ нийгэм өөрчлөгдөнө гэж мэдэрсэн. Нүд нь гялалзсан хорьтонгуудаас сурах юм ямар их байна гээч! Тэд ямар хөөрхөн, ямар мундаг гэж санана. Бүтээлч, шүүмжлэлт, эрүүл сэтгэлгээтэй залуусын давалгаа одоо л жинхэнэ утгаараа эхэлж байна. Түүний нэг эд эс байхыг хүсч байна.

-Бид номын сан гэвэл нэг их нүсэр том байшин, ороод үзвэл үнэндээ хоцрогдмол гэмээр байдлаар төсөөлдөг. Нөгөө талд залуучууд номын сангийн чиглэлээр сурахаас илүү олон улсын түвшинд хөрвөх чадвартай мэргэжлийг сонгож, тэр салбарт ажиллахыг илүүд үзэж байна. Таны хувьд залуу хүн яагаад энэ чиглэлээр суралцах болсон бэ?

-Анх Үндэсний номын санд ажилд орохдоо хэл, утга зохиолын мэргэжил эзэмшсэн мөртлөө тийм агуу өв соёл тэнд хадгалагддаг гэж сайн мэддэггүй байсан. “Лу Алтан товч” тэргүүтэн монголын түүх соёлын дахин давтагдашгүй бүтээлүүдтэй танилцаад сэтгэлээ татаж чадалгүй живээд орчихсон гэж болно. Энэ гайхалтай өв соёлын хадгалалтыг олон улсын стандартаар хийж, сурталчлан таниулах хэрэгтэй гэдэг бодол тэндээс улбаалж, номын сангийн удирдлага гэдэг мэргэжлээр суралцахаар эргэлт буцалтгүй шийдсэн юм. Би чамд нэг гоё жишээ ярья. Сүүлд OCLC (Онлайн Компьютер Номын Сангийн Төв)-д мэргэжил дээшлүүлэхдээ дэлхийн 40 гаруй орны номын сангийн удирдлагууд, тус төвийн ажилтнуудад Монгол орон, монголын номын сангуудын тухай хоёр удаагийн танилцуулга хийсэн. Монголчуудын алт мөнгө, есөн эрдэнээр урласан ном урладаг уламжлалт соёл тэднийг жинхэнэ алмайруулсан. Тэдний хамгийн их асуусан асуулт өвүүдийн хадгалалт хамгаалалт. Намайг буцахад хөтөлбөрт хамтдаа оролцсон дөрвөн найз маань Даваа чи тэр Монголын төдийгүй дэлхийн түүхийг агуулсан тэр гайхалтай бүтээлүүдийг сахин хамгаалаарай. Чамаас хүсэх зүйл тэр гэж дуу нэгтэй хэлсэн нь ихийг бодогдуулсан.

- Та саяын хөтөлбөрийнхөө тухай яриач. Жилд таван хүнд олгодог гэж дуулсан. Үр өгөөж нь юу байв, Монголд түүнийг нутагшуулах боломж нь ямар байна гэж харсан бэ?

- Хөгжиж буй орнуудын номын сангийн салбарын залуу мэргэжилтнүүдэд зориулсан манлайллын хөтөлбөр. Жил бүр хөгжиж буй орнуудаас таван номын санчдыг шалгаруулаад АНУ-ын Охоай мужид байрлах OCLC-ийн төв дээр дөрвөн долоо хоногийн эрчимжүүлсэн сургалтад хамруулдаг. Залуу мэргэжилтнүүдийн хувьд оргил боломжуудын нэг. Надад яг л “мэргэжлийн супермаркет” шиг байсан. Дэлхийн шилдэг номын сангийн мэргэжилтнүүдтэй холбоо харилцаа тогтоох, лекцийг нь сонсох, туршлага солилцох, АНУ-ын гол номын сангуудаар мэргэжлийн аялал хийх гээд өргөн боломж олгодог. Хөтөлбөрийн төгсгөлд эх орондоо очоод яг юу хийж хэрэгжүүлэх бүрэн төлөвлөгөөг оролцогч тус бүрээр гаргуулдаг. Төлөвлөгөөтэй хөтөлбөрийн удирдагч нарийвчлан танилцаж, зөвлөгөө өгдөг. Би Монголдоо хамгийн чухал хийх ажлуудаа гаргасан, дөрвөн жилийн төлөвлөгөөтэй ирсэн гэж болно.

-НОМЫН САН БОЛОВСРОЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА-

-Технологийн дэвшил хурдасч байгаа энэ нөхцөлд номын сангаа орчин үежүүлэх, залуу үеэ номонд дур сонирхолтой болгох ямар үйл ажлыг хийж болох вэ?

-Техник технологи гэдэг зүйл мэдээлэл дамжуулах,  хэрэглэгчдийн мэдээллийг хүлээж авах суурийг бүрэн хувьсгасан. Номын сан технологийн дэвшлийг нэвтрүүлэхгүйгээр, тийм дэд бүтцийг бий болгохгүйгээр орчин үеийн хэрэглэгчдэд үйлчлэх ямар ч боломжгүй болсон. Энэ асуудал дээр ханцуйгаа шамлаад салбараараа дайраад орохоос өөр аргагүй. Номын сан нэг талаар боловсол мэдээллийн, нөгөөтэйгүүр үйлчилгээний байгууллага. Үйлчилгээний байгууллагын бүх үйл ажиллагаа хэрэглэгчдийн сэтгэл ханамж гэдэг зүйлээр хэмжигдэж, үнэлэгдэж байдаг. Наад захын хийх ажил бол карт каталогноосоо салах. Дэлхийн номын сангуудын нэгдсэн электрон каталогит нэгдэж чадвал олон асуудал цогцоороо шийдэгдэнэ. Дижталчлалын асуудлыг бодлого стратегтэй шат дараатай нарийн зохион байгуулах цаг үеийн шаадлага тулгарч байна.

-Танд “бүрэн зураглал” байгаа, нөгөө талд олон улсын боловсрол байгаа. Гэвч хийж хэрэгжүүлэхэд бодит боломж нөхцөл нь хэр юм бэ? Байгууллага удирдахад ахуйн, улстөрийн гэх мэт шалтгаанууд тулгардаг шүү дээ.

-Гаднаас хөрөнгө мөнгө шаардахгүйгээр дотооддоо шийдчих боломжтой зүйлүүд зөндөө байгаа. Жишээ нь байгууллагын эерэг соёл бий болгох. Энэ бол байгууллагын хөгжлийн үндэс болсон чухал хүчин зүйлсийн нэг. Тухайлбал, Сингапурын номын сангийн соёл үнэхээр гайхалтай. Захирлууд нь өөрсдөө хошуучлан хэрэглэгчиддээ биечлэн хүрч үйлчилдэг. Чанартай технологийн шинэчлэл, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт бол яах аргагүй санхүүгийн томоохон дэмжлэг шаардсан ажлууд. Гэхдээ номын сан салбартаа эргэлдэж, улсын төсвөөс бүрэн хараат байдаг үе аль эрт өнгөрсөн. Салбараа эрх баригчдад зөвөөр ойлгуулж, лоббидохоос гадна энэ салбарт бизнесийн байгууллагууд, номын сангийн дэмжигч хандивлагчдыг татах боломж өргөн бий. Бид Beyond books төслөө хэрэгжүүлэхдээ улсаас нэг ч төгрөг аваагүй. Уг төсөлдөө санхүүжилт босгох явцдаа салбарлуугаа  олон төрлийн байгууллагууд тэр дундаа бизнесийнхнийг татах боломж бий гэдгийг анзаарсан.

-НОМЫН САН ГЭДЭГ ӨӨРИЙН СУУРЬ ОНОЛУУДТАЙ ШИНЖЛЭХ УХААН-

-Монголчууд маань “Номын санч” гэдэг мэргэжлийн талаар ямар ойлголттой явдаг вэ? Хоцрогдол байна уу?

-Сүүлийн үед номын санч гэдэг мэргэжлийг хүлээж авдаг өнцөг өөрчлөгдөж байгаа гэдэгт итгэж байна. Номын санд хүмүүсийг чимээгүй ном уншуулдаг, эсвэл тэндээс нэг ном авч өгөөд л байж байдаг хүн гэж ойлговол барилгачин  ч байсан үүнийг хийж чадна. Номын сан гэдэг өөрийн суурь онолуудтай бүхэл бүтэн шинжлэх ухаан. Номын санчийг магистр болоод докторын түвшинд бэлтгэгддэг хариуцлагатай нарийн мэргэжил болсон. Өнөөдөр үнэн худал нь мэдэгдэхгүй энэ их мэдээллийн үер дундаас хүмүүсийг үнэн зөв мэдээлэл рүү, мэдлэг рүү чиглүүлнэ гэдэг мэргэжлийн нарийн ур чадвар шаардсан ажил болсон. Нөгөө талаас хэрэглэгчдийн хүссэн салбарын мэдлэг мэдээлэл бүхий ном, материалыг олж өгнө, замчилна гэдэг тодорхой суурь шинжлэх ухааны боловсрол шаарддаг, өндөр мэргэжил болж таарч байгаа юм л даа.

Номын санч мэргэжлийн хамгийн сайхан нь таны хувьд юу вэ?

Энэ мэргэжлийн буянаар сайн сайхан хүмүүстэй бишгүй уулзаж, нөхөрлөж. Дэлхийн номын сангийн лидерүүдэд нэг нийтлэг шинж байдаг. Алхам тутамдаа суралцдаг. Таван настай хүүхдээс ч сурах зүйл олж харж чаддаг. Бас тусч чанар. Жишээ нь, Конгрессийн номын санд ажиллаж буй Сюзэн, Баянхонгорын нийтийн номын сангийн номын санч Должин эгч хоёр нэг зүйлээрээ адилхан. Хүнд чадах мэдэх бүхнээ зориулдаг. Үйлчлүүлэгчээ баярлаж байгааг хараад урам зориг авдаг. Хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй, халуун дотно хүмүүс. Энэ мэргэжил хүнийг ингэж төлөвшүүлдэг. Тэр маш гоё. Мэргэжлээрээ, хамт олноороо үнэхээр их бахархдаг.

-Тан шиг энэ мэргэжлээр олон улсын түвшинд боловсрол эзэмшсэн өөр монгол хүмүүс байдаг уу?

-Байлгүй яахав. Миний мэдэхийн АНУ-д номын санчаар мэргэшээд өндөр түвшний ажлууд хийгээд явж байгаа монголчууд цөөнгүй бий. Үндэсний номын санд хамт ажиллаж байсан Ц.Мөнхчимэг найз маань Канадад магистр хамгаалаад томоохон номын санд нь мэргэжлээрээ ажиллаж байна. Хэл шинжлэлийн эрдэмтэн, доктор М.Саруул-Эрдэнэ багш каталогичоор мэргэшээд АНУ-ын Конгрессийн номын санд номын санчаар ажиллаж байна. Д.Энэрэл гэж мундаг каталогич байдаг. Мэдээллийн шинжлэх ухааны доктор Я.Борчулуун Чикагод мэргэжлээрээ ажиллаж, бүтээж туурвиж явна. Техник технологийн хөгжил бидэнд цаг хугацаа орон зайнаас үл хамаарч хамтраад ажиллах өргөн боломжийг олгож байна. Гадаадад ажиллаж буй энэ мэт мундаг мэргэжилтнүүдтэйгээ хамтраад салбарынхаа бодлогыг тодорхойлох, тэдний санаа оноог авч хэрэгжүүлэх маш чухал гэдгийг ойлгоод эхний алхмуудаа хийж байна. Жишээ нь, Ц.Мөнхчимэг найзтайгаа хамтарч Монголын Номын Сангийн Холбоог үүсгэн байгуулаад удаагүй байна. Номын сан ч гэлтгүй бусад салбар дэлхийд гарсан монгол эрдэмтэдтэйгээ хамтарч ажиллах, тэднийхээ үгийг сонсох маш чухал.

-Олон улсын хэмжээний боловсрол эзэмшсэн монголчууд өөр улсын номын санд ажиллаж байна гэлээ. Харин та Монголынхоо Үндэсний номын сангийн удирдлагын ажилд өрсөлдөж байна. Ямар хариуцлага, ямар айдсыг мэдэрч байна?

Үндэсний номын сангийн захирал боллоо гэхэд цаг наргүй ажиллах, шийдвэрлэх олон асуудал хүлээж байна. Орчин үеийн жишиг үйлчилгээ нэвтрүүлэх, дижиталчлал, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах гэх мэт цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан олон үүрэг хариуцлага ирнэ. Болохгүй байлаа гэхэд түрүүний хэлсэнчлэн технологийн дэвшлийг ашиглаад хийдгээ хийгээд суралцаад л явна. Намайг хүлээж байгаа дараа дараагийн ажил, төсөл хөтөлбөрүүд байна. Гэхдээ захирал болсон ч эс болсон ч, гадаадад байсан ч  Үндэсний номын сангаас намайг салгах аргагүй. Номын сангийн чиглэлээр юу ч хийсэн бай энэ номын сандаа яаж наах уу гэж би үргэлж боддог. Хүүхэд асрах чөлөөтэй байгаа хэр нь л хувийн хэвшлийн томоохон хөрөнгө оруулагчаас нэг зүйл дээр нь санхүүжилт бараг босгочихоод сууж байна. Айгаад байх зүйл бол алга. Хүн үнэн шударгаар хөдөлмөрлөөд,  мэддэг зүйлээ чаддаг газраа хийгээд явах шиг сайхан юм байхгүй. Харин өөрийгөө хөгжүүлэхгүй, чадахгүй газраа мэдэхгүй зүйлээрээ оролдох шиг гутамшиг байхгүй гэж би боддог.

-Ярилцсанд баярлалаа.

М.ТЭНГИС

Ж.МЯДАГБАДАМ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ