ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жон Жэ Нам: Монголчууд 17 төрлийн хуурамч бичиг баримт бүрдүүлж, визийн хугацаанд хүндрэл учруулдаг

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-15

-Иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлж, Элчин сайдын яаманд өгч байна гэдэг БНСУ-ын Засгийн газрын эсрэг залилангийн хэрэг хийж байгаатай ялгаагүй гэмт хэргийн шинж чанартай үйлдэл- 


БНСУ-ын Элчин сайдын яам тус улсад зорчих хүсэлтэй монгол иргэдийн визийн хүсэлтийг шалгахад урт хугацаа зарцуулж, чирэгдүүлж байна гэсэн гомдол гарах болсон. Тэгвэл визийн хүсэлтийг шалгах хугацаа яагаад урт болсон талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Намтай ярилцлаа. Түүнтэй ярилцаж суухдаа монголчуудынхаа өмнөөс, Монгол Улсын хууль хяналтын байгууллагынхны өмнөөс ичиж улайснаа нуугаад яахав. 

-БНСУ-ын Элчин сайдын яам визийн хүсэлтийг маш удаан хугацаанд шалгаж байгаа гэсэн гомдол уншигчдын зүгээс ирж байгаа. Чухам яагаад визийн хүсэлтийг шалгах хугацаа уртассан талаар тайлбар мэдээлэл өгөөч?

-Монгол Улсын иргэн виз мэдүүлээд, хариугаа авахад 12 долоо хоног болж байгаа. Энэ хугацааг ойрын үед богиносгох боломжгүй. Визийн хүсэлтийн хариу удаж гарч байгаа нь маш олон шалтгаантай. Хамгийн гол шалтгаан нь виз мэдүүлж байгаа хүмүүсийн тоо асар их байгаа. Өдөртөө 800-1000 виз мэдүүлэгчийн материал манай Элчин сайдын яаманд ирдэг. 2018 онд гэхэд 140 мянган хүн БНСУ руу зорчих виз мэдүүлсэн. Энэ тоог хувьд шилжүүлээд харвал, өдөрт виз мэдүүлж байгаа мэдүүлэгчийн тоо Монголын нийт хүн амын 0.1 хувийг эзэлж байна. Сараар тооцвол нийт хүний амын 0.4 хувь. Жилээр авч үзвэл Монголын хүн амын таван хувь нь БНСУ руу зорчих виз хүсдэг гэсэн үг. Бүхэл бүтэн нэг улсын хүн амын таван хувь нь виз мэдүүлж байгаа тохиолдол байна уу гэдгийг бид судалж үзсэн. Дэлхийн 200 гаруй орон дотор ийм улс маш ховор. Маш ихээр визийн мэдүүлэг өгч буйг бид буруутгаж байгаа юм биш. Харин виз мэдүүлж байгаа хүмүүсийн материалын дунд хуурамч бичиг баримт ашиглаж, визийн хүсэлт маш ихээр өгч байгаа нь бидний сэтгэлийг зовоож байна. Хуурамч бичиг баримтын тоо, төрөл, хийж байгаа арга нь бидний төсөөлж таамаглахын аргагүй хэмжээнд хүрч байгаа. Огт гэрлээгүй байж гэрлэсэн болж харагдах. Хүүхэд төрүүлээгүй байж хүүхэдтэй мэтээр төрсний гэрчилгээ авах гэх мэт таамаглаж, төсөөлөхийн аргагүй хуурамч бичиг баримт бүрдүүлж өгч байна. Нийгмийн даатгалын лавлагаа,  татварын тодорхойлолт гэх мэт бичиг баримтыг ч гэсэн хуурамчаар үйлдэж байгаа. OECD  гишүүн орнуудын визийг хүртэл хуурамчаар үйлдэх тохиолдол гардаг. Манай Элчин сайдын яам хүний эрүүл мэндтэй холбоотой асуудлыг яаралтай шийдэж, визийг нь хурдан хугацаанд гаргаж өгдөг. Гэтэл эрүүл мэндтэй холбоотой бичиг баримтуудыг ч хүртэл хуурамчаар хийдэг. Яаралтай хагалгаанд орох гэж байгаа гэдэг бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, өгдөг. Хуурамч бичиг баримтын тоо долоо хоногтоо 1000, түүнээс ч илүү гардаг. Ойролцоогоор 17 төрлийн хуурамч бичиг баримт гаргаж өгч, Элчин сайдын яаманд хүндрэл учруулж байна. Визийн материалыг бүрдүүлэхдээ өгч байгаа бичиг баримтыг хуурамч уу, үгүй юу гэдгийг нь нарийвчлан шалгаж байж л тодорхой болгоно. Тийм учраас визийн хүсэлтийн хариу удаж гарч байна.

-Солонгос улсад хууль бусаар амьдарч байгаа ир­гэдийн тоо нэмэг­дэж байгаа нь визийн материалыг илүү нарийвч­лан шалгах нэг шалт­гаан болж байгаа гэсэн үү?

-Бас нэг том шалтгаан нь энэ. Удаан хүлээж байгаад виз нь гардаг, БНСУ руу явчихаад ирдэггүй. Солонгос улсад хууль бусаар оршин суугчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Би статистик тоо баримт дурьдаж ярья. Дэлхийн 170 гаруй оронд БНСУ-ын Элчин сайдын яам болон Консулын газар байдаг. Гэтэл Монгол Улс БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоогоор нэгдүгээрт жагсаж байна. Тодорхой хэлбэл, Монголд байгаа Солонгос улсын Элчин сайдын яамнаас виз авсан хууль бус оршин суугчдын тоогоор дэлхийн 170 гаруй орноос нэгдүгээр байрт жагсч байна гэсэн үг.  Монгол Улс ердөө л гурван сая гаруй хүн амтай. Гэтэл 1.4 тэрбум хүн амтай Хятад, 90 сая хүн амтай Вьетнамтай Солонгос улсад хууль бусаар оршин сууж байгаа иргэдийнхээ тоогоор тэнцүү байна. Хүн амын тоотойгоо харьцуулахад, харьцангуй их хууль бусаар оршин суугчтай. Тиймээс нэгдүгээр байрт жагсч байгаа юм. Хууль бус оршин суугчдын тоо нэмэгдэнэ гэдэг тухайн нийгэмд аюултай болдог. Та бүхэн мэдэж байгаа байх, Солонгосын хойг хоёр улс болчихсон. Умард, Өмнөд гээд. Хууль бус оршин суугчид нэмэгдэх тусам тухайн нийгмийн аюулгүй байдалд нөлөөлдөг. Мөн хөдөлмөрийн зах зээлд ч гэсэн сөрөг нөлөөтэй. Солонгосын Засгийн газар ч гэсэн хууль бусаар оршин суугчдын тоо нэмэгдэх нь сөрөг нөлөөтэй гэж үзэж, тодорхой бодлого барьж байгаа. Тиймээс виз мэдүүлж байгаа хүмүүсийн материалыг нарийн, хатуу чанд шалгахаас өөр аргагүйд хүрсэн гэдгийг ойлгоорой.

-Хуурамч бичиг баримт бүрдүүлж өгч байгаа хүмүүсийг хууль хяналтын байгууллагад мэдэгддэг үү?

-Монгол болон Солонгос улсууд хууль, журамтай. Хуулийн дагуу үйл ажиллагаа үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлж, Элчин сайдын яаманд өгч байна гэдэг БНСУ-ын Засгийн газрын эсрэг залилангийн хэрэг хийж байгаатай ялгаагүй гэмт хэргийн шинж чанартай үйлдэл. Дипломат байгууллагын эсрэг хуурамч бичиг баримт үйлдэж байгаа нь гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гэж манай Элчин сайдын яам үзэж байгаа учраас 2018 оны долдугаар сард нийтдээ 700 материалыг Монголын хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн. Бид хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгийг нь 100 хувь тогтоогоод, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэг хүнд  хариуцлага тооцсон эсэх талаар хариу өгөөгүй байна. Та бидний оронд өөрийгөө тавиад үз. Солонгост байгаа Монголын Элчин сайдын яаманд та ажилладаг байлаа гэж бодъё. Солонгос иргэд Монгол руу явахын тулд асар их хэмжээгээр хуурамч бичиг баримт бүрдүүлж өгөөд байя. Энэ асуудлыг шалгаад өгөөч гээд Солонгосын цагдаагийн газар явуултал хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаа иргэдийнхээ нэгийг нь ч шалгахгүй. Ямар ч захиргааны болон хуулийн арга хэмжээ авахгүй байгаад байвал яах вэ. Бид ийм л нөхцөл байдалд ажиллаж байна.  

-Визийн материалыг шал­гах ажилчдын тоогоо нэмэг­дүүлж байгаа юу. Цөөн хүн шал­га­даг учраас уддаг гэсэн ойл­голт иргэдийн дунд байна?

-Хүмүүс Солонгосын Элчин сайдын яамныхан удаан ажиллаж байна гэж шүүмжилж байгаа. Би бат итгэлтэй хэлж чадна. Бид хүмүүсийн төсөөлж байгаагаас ч илүү цаг болон ажиллах хүчийг зарцуулж, Консулын газарт ажиллаж байна. Бидэнд байгаа бүхий л боломжоо ашиглаж, визийн материалыг хурдан шалгахын төлөө ажиллаж байгаагаа хэлье. Элчин сайдын яамны гол үүргийн нэг нь тухайн улсад зорчих виз олгох. Консулын хэлтэс гэж байхаас гадна улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, батлан хамгаалах гээд олон хэлтэс бий. Гэтэл бид бусад хэлтсийнхээ ажилтнуудыг консулын хэлтсийн ажилд туслуулахаар нэмж өгч байна. Ажилчдыг нь бүр хоёр дахин нэмэгдүүлээд ажллаж байгаа. Визийн хамгийн өндөр ачаалалтай үед бусад хэлтсийн ажилтнуудыг Консулын хэлтэст томилж, тэндээ ажиллахаар зохицуулж байсан үе ч бий. Ингээд ч хүн хүч хүрэлцэхгүй байгаа үед цагийн ажилтан авч ажиллуулсан. Гэтэл бидэнд цагийн ажилтан авч ажиллуулах төсөв гэж байдаггүй. Тийм болохоор өдөр тутмын болон зочид, төлөөлөгчдийг дайлах зардлаасаа хасаад, цагийн ажилтнуудаа цалинжуулж байгаа. Манай хоёр улс найрсаг харилцаатай. Гэхдээ айлд орохдоо хүртэл зөвшөөрөл авдаг, урьдчилж мэдэгддэг биз дээ. Түүнтэй адилхан Элчин сайдын яамнаас зөвшөөрөл, визээ авч байж Солонгос улс руу зорчино. Тэгвэл Солонгос улс руу зорчих визийн шалгах хугацаа урт болж байгаагийн хамгийн гол нөлөөлөл нь монголчууд өөрсдөө гэж би хувьдаа боддог. Тиймээс визийн материал шалгах хугацаа урт байна гэж бухимдахаасаа илүүтэй манай хоёр орны харилцаа ямар билээ. Солонгосын Засгийн газар монголчуудад яаж хандаж байгаа. Монголын Засгийн газарт Солонгосын Засгийн газар ямар зүйлсийг хийж өгч байгаа билээ гэдгийг томоор нь харвал манай улс ямар ээлтэй бодлого хэрэгжүүлж буйг ойлгох боломжтой. 

-Та түрүүнд Солонгост хууль бусаар оршин сууж байгаа иргэдийнхээ тоогоор Монгол Улс тэргүүлж байна гэсэн. Одоогоор хэчнээн хүн Солонгос Улсад хууль бусаар оршин сууж байна вэ?

-Одоогийн байдлаар Монголын 50 мянган хүн Солонгост ажиллаж, амьдарч байна. Эдгээр хүмүүсийн гуравны нэгээс илүү нь буюу 20 мянга орчим нь хууль бусаар оршин сууж байгаа. Бид хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг албадан гаргах, баривчлах гэж яарахгүй, аль болох аядуу, зөөлөн бодлого хэрэгжүүлж байгаа. Хуулийн дагуу баривчилгаа явуулж, албадан буцаая гэвэл нэг сарын дотор 10 мянган хүнийг Солонгосоос гаргах боломжтой. Гэвч бид хатуурхаж, баривчилж, албадан хилээр гаргахгүй байгаа. Солонгосын Засгийн газар, Элчин сайдын яамыг буруутгаж, харааж, уурлахаасаа илүүтэй манай улсын хийж, хэрэгжүүлж байгаа сайн сайхан зүйлийг хардаг байгаасай гэж хүсэж байна. Түүний нэг жишээ ч хууль бусаар оршин сууж байгаа иргэдэд боломж олгож, баривчилгаа хийхгүй байгаа явдал.  Гэхдээ цаашид хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоо буурахгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаа хүмүүс нэмэгдээд байвал хоёр улсын хооронд яригдаж байгаа визгүй зорчих хэлэлцээр нааштай шийдэгдэхэд сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.  

-Хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаа хүмүүс байгаа л байх. Гэхдээ тэр дунд чин үнэнчээр бичиг барим­таа бүрдүүлээд, хуулийн дагуу визийн хүсэл­тээ өгч байгаа олон хүн бий. Тэд хохироод байна гэдэг асуудлыг ярьж байна. Ялгамжтай хандаж болдоггүй юм уу. Өмнө нь ямар нэг хууль зөрчөөгүй, олон удаа очоод ирсэн хүмүүс ч байна шүү дээ гэсэн шүүмжлэл ч гарч байна? 

-Асуудалгүй хүмүүсийнх нь визийг хурдан гаргаад өгчихөж болдоггүй юм уу гэдэг гомдлыг иргэд байнга тавьдаг. Дээрээс нь, хүн болгон “Би ямар ч асуудалгүй” гэж хэлдэг. Бид тэр хүнийг асуудалтай юу, үгүй юу гэдгийг нь эхлээд мэдэхгүй шүү дээ. Асуудал байна уу, үгүй юу гэдгийг нь шалгахаас өөр аргагүй. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн үү, үгүй юу гэдгийг нь шалгана. Энэ л бидний хамгийн гол ажил. Түүнээс биш бид шалгахгүйгээр энэ хүн асуудалгүй, визийг нь хурдан гаргаад өгье гэж мэдэхгүй.   Солонгос руу олон удаа явсан иргэд виз авахгүй гэдэг журам өөрчлөгдсөн. Заавал виз авдаг болсон. Тийм болохоор визээ мэдүүлдгээрээ мэдүүлнэ. Энд нэг жишээ татъя. Гэр бүлээрээ Солонгос руу маш олон удаа явдаг байж. Гэтэл нэг удаа виз мэдүүлтэл эхнэрийнх нь виз гараагүй. Үүний улмаас нөхөр нь манай Элчин сайдын яаманд гомдол мэдүүлсэн. Ийм олон дахин явж байхад яагаад виз гараагүй юм бэ гэж. Манай Элчин сайдын яам тухайн хүн ямархуу байдлаар зорчив. Тэнд байхдаа хууль, дүрмийг хэрхэн мөрдсөн бэ гэдэг мэдээллийг авдаг. Визийн материалыг хүлээж аваад, бичиг баримтыг нь шалгахаас гадна өмнө нь Солонгос руу ямар зорилгоор зорчсоноос авахуулаад цогц байдлаар шалгадаг. Бид нөхөр нь гомдол гаргалаа гээд “Танай эхнэр чинь тэгсэн, ингэсэн” гэж хувийн мэдээллийг өгөх боломжгүй шүү дээ. Энэ мэт янз бүрийн шалтгаан байдаг.  

-Эцэг, эх хоёр нь хоёулаа дипломат паспорттай. Хүүх­дээ аваад гурав хоног цэвэр агаарт байлгаад, Солонгос улсыг үзүүлчихээд ирье гэж байхад виз өгөхгүй байна гэсэн гомдол гарсан. Энэ талаар та юу гэх вэ?

-Монголын ард түмэн бухим­далтай байгааг бид ойлгож байна. Гэхдээ визний материалыг яаж бүртгэж, хянаж, шалгаж байгаа үйл явцыг сайн мэдэхгүй байгаа учраас тэгдэг байх. Солонгосын Хууль зүйн яамнаас сар болгон хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн мэдээллийг бидэнд өгдөг.  Гэтэл өнгөрсөн гуравдугаар сард гэхэд Монголын 750 иргэн Солонгост хууль бусаар оршин суух буюу харласан.  Энэ 750 хүний 15 хувь нь насанд хүрээгүй хүүхэд байсан. Бид аав, ээж нь хүүхдээ дагуулаад явж байгаа юм байна. Сайхан аялаад ирэх нь гээд итгээд виз өгөхөөр харлачихдаг. Ингээд л бид нарийвчилж шалгах, зарим тохиолдолд виз өгөхгүй байхаас өөр аргагүйд хүрч байна. Та дипломат паспорттай иргэн гомдол гаргасан талаар хөндлөө. Дипломат болон албан паспортыг тухайн байгууллагаас нь иргэнд өгдөг. Бид хэнд дипломат паспорт өгөх эсэхэд оролцдоггүй. Гэхдээ албан болон дипломат паспорттай хүн Солонгос улсад 90 хоногийн хугацаанд визгүй зорчих, оршин суух боломжтой байдаг. Би нэг жишээ хэлье л дээ. Нэг оюутан хүүхэд Солонгос руу сургуульд явахаар виз мэдүүлсэн. Шалгахад тухайн хүүхдийн аав, ээж хоёр нь хоёулаа албан паспорт эзэмшиж байсан. Албан паспортаараа жилд 10 удаа хилээр орж, гарсан. Нарийвчлаад шалгаад үзэхэд, албан паспорт эзэмших ёсгүй хүн авсан байсныг бид мэдсэн. Гэх мэт олон шалтгаан байгаа учраас бид виз мэдүүлж байгаа хүмүүсийн материалыг маш нарийн шалгахаас өөр ямар ч аргагүй болчихоод байна. 

-Гурав, дөрвөн жилийн өмнө ч гэсэн өдөрт 800-1000 хүн виз мэдүүлдэг байсан ч хариу нь ажлын 14 хоногт гардаг байсан. Одоо ч гэсэн өдөрт виз мэдүүлж байгаа хүний тоо өөрчлөгдөөгүй байна. Гэтэл визийн хариу гарах хугацаа уртассаар одоо ажлын 10-12 долоо хоногийн дотор гардаг болж. Тэгэхээр монголчуудын хууль бус үйлдэл, хуурамч бичиг баримт бүрдүүлэх байдал тэр хэрээр нэмэгдсэн гэж ойлгож болох уу?

-Виз мэдүүлэгчийн тоо өөрчлөгдөөгүй боловч хариу гарах хугацаа нь хэд дахин нэмэгдсэн талаар хэн ч гэсэн асуух л асуулт.  Гуравхан жилийн өмнө гэхэд л Солонгост хууль бусаар оршин сууж буй монголчуудын тоо бага байсан. 2018 оноос эхлээд хууль бусаар оршин суугчдын тоо ог­цом өссөн. Хууль бусаар оршин суугч­дын тоо нэмэг­дэхээр виз олгох шалгуур чангарах хандлага байдаг. Уг нь бид өнгөрсөн жил олон удаагийн виз олгох нөхцлийг шинэчилж, найман нөхцөл байсныг 13 болгож өргөжүүлсэн. Би энд нэг сонирхолтой тоо хэлье. Монгол Улсаас 1000 орчим л солонгос иргэнд олон удаагийн виз олгосон байдаг.  Гэтэл эсрэгээрээ Солонгосын Засгийн газраас олон удаагийн визийн нөхцлийг өргөжүүлэхээс өмнө 16 мянга орчим хүнд олон удаагийн виз олгосон байдаг. Өргөжүүлснээс хойш 200 гаруй мянган хүн олон удаагийн виз авах боломжтой болсон. Солонгосын Засгийн газар олон удаагийн визийн нөхцлийг өргөжүүлэх гэх мэтээр сайн сайхан зүйлсийг хийсээр байгаа. Гэтэл Монголын ард иргэд байнга уурлаж, бухимдаж, гомдол гаргаж байгааг манай Элчин сайдын яамныхан тэсвэрлэхэд хүндрэлтэй болж байна. Дахиад хэлэхэд, бид хууль бус үйлдэлтэй цаашид эрчимтэй тэмцэнэ. Энэ асуудал цэгцэрч, ном журамдаа ортол бүхий л аргаа ашиглаж тэмцсээр байх болно гэдгийг хэлье.  

-Цаашид визийн мате­риалыг шалгах хугацааг богино болгох боломжгүй гэж та хэлсэн. Тэгвэл илүү нэмэгдэх үү?

-Монгол Улсын хууль хяналтын байгууллага манай Элчин сайдын яамтай хамтарч ажиллахгүй байгааг би хэлсэн. Бид хууль, хяналтын байгууллагад хандсаар байгаа. Мэдээж тухайн байгууллага ачаалалтай ажиллаж байгааг бид ойлгож байна. Гэвч бүтэн жил гаруй болоход бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй нь харамсалтай. Хэрвээ Монголын хууль,  хяналтын байгууллага бидэнтэй хамтарч ажиллахгүй, тусламж дэмжлэг үзүүлэхгүй хэвээр бай­вал виз шал­гах хугацааг богино болгох ямар ч боломжгүй. Бид өөрс­дийн бүхий л нөөц болол­цоо­гоо дайчлан ажил­лаж байгаа. Энэ зунаас дахин нэг Консулын хэлтсийг нэмэхээр төлөвлөж байна. Мөн энэ хэлтэст ажиллаж байгаа хүмүүсийн тоог ч нэмэгдүүлсэн. Энэ мэтээр асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байхад Элчин сайдын яамыг үндэслэлгүйгээр гүтгэх, доромжлох, элдвээр хэлэх байдал үргэлжилсээр байвал хоёр орны найрсаг харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх ч магадлалтай. Түүнээс гадна, Монголын цагдаа, прокурорын байгууллага ямар нэг хариу арга хэмжээ авч, бидэнтэй хамтарч ажиллахгүй бол харин ч эсрэгээрээ урт болж магадгүй. Хугацаа яаж нэмэгдэхийг бид хэлж мэдэхгүй. Учир нь бид өөрсдийн нөөц бололцоогоороо л бүх материалыг шалгаж байгаа учраас тэр шүү дээ. Тиймээс Монголын Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулж, хамтарч ажиллаасай гэж хүсч байна. Би дахиад хэлье, энэ хуурамч материал бүрдүүлсэн болов уу гэж таамаглаж, хууль, хяналтын байгууллага руу явуулдаггүй. Хуурамч материал бүрдүүлж өгсөн нь тодорхой болсон учраас материалыг нь явуулдаг. Бидэнд шууд шалгах боломжгүй. Монголын хууль,  хяналтын байгууллага руу явуулахаас өөр аргагүй. Гэвч одоо болтол хариу өгөөгүй. Энэ хугацаа хэдий болтол үргэлжлэх вэ гэдгийг ч би мэдэхгүй байна. 

-Олон удаагийн визийн журам өөрчлөгдсөн талаар та сая дурьдлаа. Журам өөрчлөгдсөнөөс хойш олон удаа­гийн виз авсан хүмүү­сийн тоо нэмэгдсэн үү. Тэр дун­даа сэтгүүлчдэд олон удаа­гийн виз олгохоор журамд тусгасан. Хэдэн сэтгүүлч олон удаагийн виз авсан бэ. Тэр тоо бий юу?

-Одоогийн байдлаар тоон мэдээллийг гаргах боломжгүй байгаа. Бидний гол анхаарлаа хандуулж байгаа асуудал арай өөр байна. Асуудал намдсаны дараа бид энэ тоон мэдээллийг гаргаж өгье.