ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Мөрөнгийн хутгасан “бантан”

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-05-17

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд Санжаа­сүрэнгийн Зоригийн амь насыг бүрэлгэсэн онц ноцтой хэрэг гарах үед ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Мөрөн өдгөө Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар ажиллаж байна. С.Зоригийн хэргийг илрүүлэхэд мэргэжлийн ноцтой зөрчил гаргасан, хэргийн газарт 74 хүнийг нэвтрүүлж ул мөрийг баллуулсан хэмээн хэвлэлээр бичүүлж байсан энэ эрхэм 2000 онд “Би УИХ-ын гишүүн болбол 14 хоногийн дараа С.Зоригийн хэрэг илэрнэ”1 гэж хэлээд УИХ-ын гишүүнээр сонгогдож байв.

Гэвч тэрбээр сонгуулиар өгсөн амлалтдаа хүрээгүй билээ. 1993 оноос өнөөдрийг хүртэл төрийн болон улс төрийн нам зэрэг байгууллагад ямагт удирдах албан тушаал хашсаар ирсэн Д.Мөрөнгийн С.Зоригийн хэргийн анхны үзлэгийг хийхдээ гаргасан ноцтой алдаа, хэргийн ул мөрийг баллах үйл ажиллагааг хэрхэн хийсэн болохыг сонины шарласан хуудаснаас шүүрдэн толилуулж байна.

Д.Мөрөн С.Зориг руу чиглэсэн ноцтой заналхийллийг хэрэгсээгүй

1998 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдаар Ц.Элбэгдорж томилогдсоныхоо дараа цөөнгүй халаа сэлгээ хийсэн юм. Түүний нэг тухайн үед ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Амарболд генералыг чөлөөлж, түүний оронд ЭЦГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Мөрөнг томилжээ. Д.Мөрөнг ЦЕГ-ын даргаар ажиллаж байх үед УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын амь насанд халдана гэдгээ ил тод илэрхийлсэн маш ноцтой заналхийлэл сонинд нийтлэгдэж байжээ. Харин тэрхүү заналхийллийн мөрөөр цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байдаг юм.

“С.Зоригийн цуст толгой бөнжийх нь удахгүй”2

...Эцэст нь чамд анхааруулахад чи монголоос долоо хоногийн дотор зайл!!! (VII/20-VII/27) Цагаач эрлийз чамайг хөөх эрх их монгол бидэнд бий. Эс биелүүлбэл “ус уух” цаг чинь ойртсон гэдгийг хэлье. Чамайг парламентын удирдлагаас сайн дураараа зайлж гадаад орос орондоо очихгүй бол зорилгоо биелүүлэх болно. Мафистын бүлэглэл3 гэсэн ноцтой заналхийлэл “Элдэв сонин”-нд 1998 оны долдугаар сард нийтлэгджээ. Уг нийтлэл гарснаас хойш ердөө хоёр сарын дараа С.Зоригийн амийг онц хэрцгийгээр бүрэлгэсэн юм. Мөн С.Зоригийн ээж Г.Доржпалам агсны гэрийн утас руу хэрэг гарахын өмнөхөн утасдаж заналхийлж байсан4 аж. Энэ бүхнээс үзвэл С.Зоригийн аллагыг нэлээд эртнээс төлөвлөсөн, удаан хугацаанд бодож боловсруулсан маш нарийн зохион байгуулалттай аллага байсан нь харагддаг юм.

Б.Булган: Намайг чирээд унтлагын өрөө рүү оруулсан5

С.Зоригийн аллагатай холбоотой хавтаст хэргийг нууцын жагсаалтаас гаргаагүйгээс үүдэн 1998 оны аравдугаар сарын 02-ны шөнө чухам юу болсон талаар иргэд төдийлөн мэддэггүй. Харин тэр шөнө чухам юу болсон талаар цорын ганц амьд гэрч Б.Булган “CNN” агентлагт ярилцлага өгсөн байдаг аж.

Түүний ярьснаар хэрэг гардаг өдөр 23.00 цагийн үед Б.Булганыг хоолоо хийж байхад С.Зориг залгаад 10-20 минутын дараа очно гэдгээ хэлжээ. Түүнээс хойш хэдхэн минутын дараа С.Зориг агсны тогшдог өвөрмөц тогшилтоор хаалгыг нь тогшсон тул тэрбээр хаалгаа шууд онгойлгожээ. “Би хүмүүс тоглож байна гэж бодсон. Гэтэл тэдгээр хүмүүс шууд орж ирээд С.Зориг гишүүн хэзээ ирэх вэ? Ирэх болсон уу? Дараагийнх нь Э.Бат-Үүл байх болно гэж хэлсэн. Тэгээд намайг хүлж, амыг минь боогоод унтлагын өрөө рүү чирч оруулсан. Түүнээс хойш 10-аад минутын дараа С.Зориг хаалгаа гаднаас түлхүүрдэн орж ирээд Булгаан гэж дуудсан. Тэгээд тэмцэлдэх чимээ сонсогдсон. Түүний дараа хүмүүс гарч явцгаасан. Тэр чимээг дээд доод айл сонссон гэх юм билээ. Тэр хүмүүсийг манайхаас гарахыг орцонд зогсож байсан хүүхдүүд хараад манайхыг хулгайчид тоночихлоо гэж бодож тэр даруй манайд орж ирээд намайг сулласан. Би гэхдээ бүхнийг сайн санадаггүй”6 хэмээн ярьсан байдаг юм. Өдгөө хэргийн хамжигч хэмээн яллагдагчаар татагдаад байгаа Б.Булганг хорьж байцаах ажлыг Д.Мөрөн огт хийгээгүй юм. Харин түүнийг ажлаа өгсний дараа буюу хэрэг гарснаас хойш зургаан сарын дараа л Б.Булганыг саатуулан шалгаж байжээ7.

Мэргэжлийн алуурчид байсан нь илэрхий байсан8

“С.Зоригийн зүрхэн тус газарт дөрвөн удаа, зүрхэн чигт ар нуруунаас 10 см-ийн гүнзгий дөрвөн удаа, элэг, гэдэс зэрэг амин газарт хутгалсан нь яахын аргагүй мэргэжлийн алуурчид байсан нь илэрхий байсан. Хоёр алуурчин хоёр талаас нь ижил байдлаар хутгалж хөнөөсөн”9 хэмээн сонинууд бичиж байжээ. Сэжигтнүүдийн биеийн өндөр, өмссөн хувцас, хүйс зэрэг мэдээллүүд тэр даруйд гарсан боловч хэргийн халуун мөрөөр эрэн сурвалжлах ажиллагаа, самналтыг огт хийгээгүй10 байна.

Хэргийн газарт 74 хүн холхисны дараа үзлэгээ хийж эхэлжээ

1998 оны аравдугаар сарын 02-ны орой 22.48 цагт Нийслэлийн цагдаагийн газрын 102 дугаа­рын утсанд “С.Зориг хутгалуулчихлаа” гэсэн мэ­дээлэл ирсний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн 22.55 цагт хэргийн газарт очсон байна 11.

Уг дуудлагыг С.Зоригийн дээд давхарт амь­дардаг байсан эмч бүсгүй ойролцоох ТҮЦ-ний утсаар цагдаагийн газарт өгсөн байдаг аж. Цагдаа нарыг хэргийн газарт очихоос өмнө 15 орчим хүн хэргийн газарт орсон байсан12. Түргэн тусламжийн дуудлагын дагуу С.Зоригийн гэрийн ойролцоо явсан түргэний машин яаралтай очих хүртэл С.Зориг амьсгаатай байсан бөгөөд эмч нарыг орж ирэхэд л нас барсан13 хэмээн С.Зоригийн хэргийг илрүүлэх ажлын хэсгийн анхны ахлагч Д.Алтангэрэл ярилцлага өгсөн байдаг юм. Тэр өдөр Хандгайтад спортын тэмцээнд оролцчихоод буцаж явсан Нийслэлийн цагдаагийн газрын дарга н.Ганболд, н.Эрдэнээ нар уг хэргийн мэдээллийг аваад нэн даруй С.Зориг агсныд очиход С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булган “Дараагийнх нь Э.Бат-Үүл” гэж алуурчид ярилцсаныг хэлжээ. н.Ганболд уг мэдээллийн дагуу тэр даруй Э.Бат-Үүл рүү утасдаад надаас өөр хэнд ч хаалгаа тайлж өгч болохгүй гэж хэлээд Э.Бат-Үүлийг гэрээс хамгаалалтад авч дагуулсаар С.Зоригийнд иржээ14.

Тэр шөнө Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ша.Батбаяр руу Б.Булган залгаж, нүүрээ хар юмаар битүүлсэн хүмүүс С.Зоригийг хутгалчихлаа гэж хэлжээ15. Ша.Батбаярыг С.Зоригийн байрны гадаа очиход хоёр цагдаагийн машин, нохой хөтөлсөн хоёр цагдаа зогсож байсан бөгөөд хэргийн газарт орж болохгүй гэж хориглоогүй байна. С.Зоригийн хаалгыг нээхэд талийгаач үүдний коридортоо хөндөлдсөн байдалтай цусан дунд дээшээ харан хэвтэж байжээ. “Цогцосны хажуугаар тойрон гарах боломжгүй байсан тул цогцсон дээгүүр алхан гэрт орсон байна. Түүнийг ороход талийгаачийн ах С.Баяр, түргэний эмч залуу, Б.Булган, мөн хоёр гурван хүн, нэг цагдаагийн хошууч нар байжээ. Түүний араас удалгүй Баянгол дүүргийн Засаг дарга С.Эрдэнэ, Нийслэлийн цагдаагийн газрын дарга н.Ганболд нарын хүмүүс цувран орж ирсэн бөгөөд тэд нар цогцсон дээгүүр алхан орж ирэхдээ нойтон цусан дээр хальтирч байсан. Хэсэг хугацааны дараа Д.Мөрөн ирсэн. Хүмүүс нэмж ирсээр байсан тул санаа зовохдоо С.Баярт хэлж даавуу авчруулж цогцосны дээгүүр бүтээсэн. Юу хийх, яах ёстойгоо мэдэхгүй баахан бужигнасан хүмүүс л байсан. Энэ хугацаанд зураг авах, ул мөрний шинжилгээ огт хийгдэхгүй байсан тул би Д.Мөрөнд та нар шалгах магадлах ажлаа хийдэггүй юм уу гэж хэлсэн. Намайг хэлсний дараа л Д.Мөрөн тэнд байсан хүмүүсийг хэргийн газраас гаргасан”16 хэмээн Ша.Батбаяр дурссан байдаг аж. Хэргийн газарт цагдаа нар 22.55 цагт очсон атлаа хэргийн газарт 74 хүн хоёр цаг холхисны дараа 24:30 цагт үзлэгийн ажлаа хийж эхэлжээ17. Хамгийн ноцтой нь гавьяат хуульч Д.Мөрөн хэргийн газарт байхдаа УИХ-ын гишүүн асан Д.Баттулга, Ц.Элбэгдорж хоёрыг наашаа ороод ир гэж хэлж18 байжээ.

Хэргийн газраас олдсон ганц урт үс

Цагдаагийнхан хэргийн газраас 50-аад ширхэг үс, 12 хурууны хээ илрүүлжээ. 50 ширхэг үсийг шинжлүүлэхээр Сянга руу явуулсан боловч “Бид тогтоож чадахгүй нь” гэсэн хариу ирүүлсэн учраас АНУ руу тэдгээр үсийг явуулжээ. Харин 12 хурууны хээний нэг нь талийгаачийн төрсөн ах С.Баярынхтай тохирсон, бусад нь хэнийхтэй ч тохироогүй байна19. 50-аад үсний нэг нь нэлээд урт эмэгтэй хүний үс байжээ. Хэргийн газарт байсан хүмүүс бүгд богино үстэй, Б.Булган тэр зун үсээ хусуулсан байсан тул халимаг үстэй байсан аж. Энэ бүхэнд үндэслэн алуурчдын нэг нь эмэгтэй хүн байсан хэмээн үзжээ20.

Хэргийг мөрдөж байсан хүмүүсийн ажлыг зогсоов

Улсын аюулгүй байдлыг хангах газраас томилогдсон Эрүүгийн цагдаагийн газрын шилдэг ажилтнууд гэж тооцогддог хурандаа Ц.Жамъянсэнгээ, Д.Базаргүр, Л.Батбаяр нар С.Зоригийг бүрэлгэсэн гэмт хэргийг илрүүлэх ажилд оржээ. Гэвч тэднийг ажлаа эхлээд тав хоносны дараа “Та нарыг ажиллахыг зогсоо гэж дээрээс үүрэг өглөө” гэж хэлээд ажлаас нь чөлөөлжээ21 . 1999 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Ерөнхий сайд Ж.Наранцацралт цагдаад ажиллаж байсан хашир туршлагатай хүмүүсийг (Ц.Жамъянсэнгээ, Д.Базаргүр, Л.Батбаяр нарыг) энэ хэрэгт ажиллуулах тухай үүрэг өгчээ. Гэтэл Д.Мөрөн “Тэд ирээд ажиллабал ажиллаг. Хүрч ирээд илрүүлэг л дээ харъя. Би ганц ч мэдээлэл өгч хэргээ харуулахгүй” хэмээн сонинд ярилцлага өгчээ22.

Хэргийн халуун мөрөөр мөрдөөгүй

С.Зоригийн хэргийн талаар ЦЕГ-ын дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дарга нар нэн даруй сонссон боловч хэргийн халуун мөрөөр мөшгих ажлыг огт хийгээгүй. Маш их хугацаа алдсан. Тэр ч бүү хэл гадны хүнийг (Э.Бат-Үүлийг) хэргийн газарт цагдаагийн дарга нь өөрөө дагуулж орсон. 70 гаруй хүнийг цогцосны дээгүүр гишгүүлж холхиулсныхаа дараа хоёр цагийн дараанаас үзлэгийг хийж эхэлсэн23 зэрэг санамсаргүй гэж хэлж болохооргүй маш ноцтой алдаа гаргасан байна.

Ул мөрөө үлдээсэн хэрэг илрэхгүй байна гэж үгүй24

“С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг илрэхгүй хэрэг биш, илэрнэ. Хүнд ноцтой гэмт хэргийг илрүүлэх талаараа манай цагдаагийн ажилтнууд нэлээд өндөр төвшинд хүрсэн. Зүс царайгаа харуулсан, дуу хоолойгоо сонсгосон, ул мөрөө үлдээсэн хэрэг илрэхгүй байна гэж огт байхгүй. Бид хэргийг ойрын хугацаанд илрүүлэх байх гэж бодож байна”25 хэмээн ЦЕГ-ын дарга Д.Мөрөн мэдэгдэж байжээ. Гэвч тэрбээр цаг хугацаа өнгөрөх тусам илэрнэ гэдэг үгнээс татгалзаж, шалгаж байна, хугацаа хэрэгтэй байна гэх болсон байх юм. Д.Мөрөн улс төрд орохынхоо өмнө “Би Зоригийн хэргийг илрүүлнэ” гэж ярьчихаад парламентын гишүүн болмогцоо “Би тэгж яриагүй” хэмээн бухаж эхэлсэн26 байдаг юм.

1. “Хувийн амьдрал” сонин, 2001 оны зургадугаар сарын 04, №15
2. “Элдэв сонин” 1998 оны долдугаар сар, №02
3. Мөн тэнд
4. Зууны мэдээ сонин, 2001 он
5. Өдрийн сонин, 2001 оны зургадугаар сарын 20, №145
6. Мөн тэнд
7. Ардын эрх сонин, 1999 оны дөрөвдүгээр сарын 04
8. Ардын эрх сонин, 1998 оны аравдугаар сарын 27, №203
9. Мөн тэнд
10. Монголын мэдээ сонин, 2001 оны зургадугаар сарын 06, №109
11. “Үнэн” сонин, 1999 оны арваннэгдүгээр сарын 24, №145
12. “Сэрүүлэг” сонин, 2001 оны зургадугаар сарын 12, №18
13.Мөн тэнд
14. Өнөөдөр сонин, 1998 оны аравдугаар сарын 16, №201
15. Өдрийн сонин, 1999 оны гуравдугаар сарын 03, №54
16. Монголын мэдээ сонин, 2001 оны зургадугаар сарын 06, №109
17. Өнөөдөр сонин, 1999 оны арваннэгдүгээр сарын 17, №223
18. Мөн тэнд
19. Өдрийн сонин, 2004 он
20. Мөн тэнд
21. Өнөөдөр сонин, 1998 оны аравдугаар сарын 16, №201
22. Өдрийн сонин, 1999 оны гуравдугаар сарын 03, №54
23. Монголын мэдээ сонин, 2001 оны зургадугаар сарын 06, №109
24. Өнөөдөр сонин, 1999 оны арваннэгдүгээр сарын 17, №223
25. Мөн тэнд
26. Өдрийн сонин, 2004 он