ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ПРОГНОЗ: Долдугаар тойрогт МАН-ын олигархиуд мөнгөөр бороо оруулах уу

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2024-05-10

Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн шинэ хуулиар УИХ-ын долдугаар тойрог хэмээн хуваарилсан бөгөөд нийтдээ долоон мандаттай. Улс төрийн хүчнүүдийн хувьд долдугаар тойрогт нэлээд анхаарал хандуулж байгаа юм билээ.

Учир нь нүүрсний гол ордууд тэнд байдаг учраас улсын мөнгөний авдар учраас тэр авдрыг эрх баригч ямар ч үнээр хамаагүй өөрийн мэдэлд оруулахыг хүсэж буй нь илхэн болсон. Тэр хэрээр хүч  хаяж, улс төрийн нөлөө бүхий мөнгөлөг, хөрөнгөлөг хүмүүсээ сойж байгаа гэхэд хилсдэхгүй.

Долдугаар тойргийн аймгууд эдийн засгийн хувьд биеэ даасан, өрсөлдөх чадварын индексээр эхний байруудад эрэмбэлэгддэг. Дундговь аймгаас бусад нь бие даасан  бөгөөд эдийн засгийн хувьд боломжтой. Өөрөөр хэлбэл, байгалийн баялаг, хил гааль, үзэсгэлэнт цогцолбор газар зэрэг Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүргийн бүс учраас мөнгөлөг тойрог билээ. Ард иргэдийн амжиргааны түвшин ч гайгүйд тооцогддог бөгөөд баялгаас хамгийн ихээр хувь хүртдэг. Зах зээлийн ханшаа дагаад улс төрийн ранк өндөртэй нэгний хүчийг л үзэхгүй  бол сул хүнд мөнгөний болоод цагийн гарз болохоор тойрог хэмээн нэрлэгддэг билээ. Тэгэхээр долдугаар тойрогт мөнгө, эрх мэдлийн тулаан өрнөх нь нэгэнт тодорхой болов. Мөнгөгүй, дэмжлэггүй хүнд долдугаар тойрог бол үнэхээр хатуу дэвжээ билээ. Тиймээс уншигч нарынхаа мэдлэгт нэмэр болж, энэ тойрогт аль намаас хэн, хэн өрсөлдөхийг урьдчилсан байдлаар тоймлон хүргэе.

Дан ганц МАН гэхгүй үеийн үед улс төрийн намуудын санхүүгийн эх үүсвэрийн гол чадамжийг бүрдүүлдэг учраас тойглож, усалж, өнгөлж тордохоос өөр аргагүй тойргийн хувь заяаг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Сү.Батболд нар тэргүүлэхээр яригдаж буй гэх. Улмаар тус тойргийг МАН-ын зүгээс Б.Дэлгэрсайхан сайдад хариуцуулж, намын гишүүдээ толгойлон оролцохоор болжээ. Түүний хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд бизнесийн салбараас улс төрд орж ирсэн нэгэн. Хөрөнгийн орлогоороо УИХ-ын 76 гишүүдээс эхний тавд багтдаг. Тиймдээ ч сонгогдсон тойрогтоо чамлахааргүй сайн ажилладаг, санхүүгийн дэмжлэг ч сайн үзүүлдэг нэгэн хэмээн рейтингийн судалгаанд өндөр гарч иржээ. Харин УИХ-ын гишүүн Сү.Батболдын тухайд жагсаалт горьдож суугаа гэх мэдээлэл бий. Тэрбээр, 2000 оноос эхлэн улс төрд хөл тавьсан бөгөөд 24 жил төрийн өндөр сэнтийд суужээ. Сү.Батболд нь Гадаад харилцааны Дэд сайдаас Ерөнхий сайд хүртэл дэвшиж ажилласан билээ.

Ах дүүгээрээ улс төрд хүч үзэж буй гэр бүлийн төлөөллийн нэг нь УИХ-ын гишүүн Б.Саранчимэг. Тодорч улс төр хийхгүй ч бараа нь тасарчихгүй явсаар нийслэлийн Баянзүрх дүүргээс хоёр удаа УИХ-ын сонгуульд сонгогдсон билээ. Өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн гавьяа багатай нэгэн. Түүний хамгийн том нөлөө гэвэл мөнгө, эрх мэдэл гэж хэлж болно. Тиймдээ ч ЖДҮХС-гаас төрсөн дүү нь зээл авч, ард түмнийхээ боломжоос хумсалсан гэр бүлийн тоонд багтдаг юм. Хоёр сонгогдсон тойрогтоо хийсэн бүтээсэн ажилгүй тул энэ удаад тойрог сольж байгаа аж.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн хувьд намын нөлөөгөөр парламентад хоёронтоо сууж байгаа нэгэн. Түүний хувьд хийсэн бүтээсэн зүйлгүй, олигтой ажилласан хуулийн төсөлгүй найман жилийг үдэж байгаа.  Нөгөө “Бийд нэмэргүй, байхгүйд гарзгүй” гишүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Хаа нэгтээ УИХ-ын чуулганы индрээс хуулийн төсөл танилцуулахдаа шүлэг уншиж байгаа аятай хүүрнэж, буруу хазгай асуулт асууж, хариулт өгсөөр найман жилийг баржээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нь Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2020 оны сонгуулиар парламентын гишүүнээр сонгогдсон билээ. Тэрбээр сонгогдсон тойрог, итгэл үзүүлсэн ард иргэдийнхээ төлөө юу ч хийлгүй сонгуулийн дөрвөн жилээ дуусгаж байна. Дорноговь аймагт гэмт хэрэг, хүүхэд алга болох асуудал байнга гардаг ч гэрэлтүүлэг камергүй явсаар өдий хүрсэн. Засаг ноён байхдаа ч УИХ-ын гишүүн болоод ч өөрчлөлт, бүтээн байгуулалт хийсэнгүй. Иймд нутгийн иргэд нь түүнд итгэл үзүүлэх эсэх нь нэлээд эргэлзээтэй.

Тэгсэн ч сайн, муу нэр зүүлгүй дөрвөн жилээ барж байгаа учир даагаа нэхэж, долдугаар тойрогт хүч үзэхээр яваа аж.  Дараагийн горилогч нь УИХ-ын гишүүн Н.Наранбаатар юм.

Тэрбээр нүүрсний хэрэгт нэр нь холбогдсон ч итгэлээ гээлгүй тойрогтоо ажиллаж, ажлаа тайлагнаж яваа юм байна. Уг нь эрхэм улстөрчийн карьер нь өндөрлөж, хууль хяналтын байгууллагаас шалгагдах асуудал хүлээж буй. Нутгийнхаа газрыг гадныханд олон жилээр эзэмшүүлсэн, нүүрс хуулалт, борлуулалт, орд газрын асуудал зэрэг түүнийг тойрсон элдэв хэргээ хэрхэн шийдэх нь түүний хамгийн том асуудал билээ. МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга  Ц.Чулуунзагдыг олон нийт төдийлөн танихгүй. Гэхдээ нүүрсний хяналтын сонсголын үеэр түүний нэр компани болон ойрын хамаарал нь нэрлэгдэж байв. Тиймээс нэр дэвшүүлэх  эсэх нь МАН-аас хамаарна. Гэхдээ түүний гол хөзөр нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан билээ.

Тэгэхээр мандат өвөрлөх нь түүнээс биш Д.Амарбаясгалангаас хамааралтай. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаярын хувьд залуучуудын төлөөллийн нэг. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагаас улс төрд зүтгэж яваа бөгөөд намаас болон Ерөнхийлөгчөөс нэлээд дэмжлэгтэй байгаа тул гол өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор багтаж байгаа аж. Ерөнхий аудитор асан Д.Занданбатын намынхаа нөлөөгөөр төрийн чухал, чухал албанд томилогдон ажилласан. Улстөрчийн хувьд сул өрсөлдөгч бөгөөд танигдаж амжаагүй. Түүнийг зөвхөн хүрээлэл нь мэдэх бөгөөд бүсчилсэн том тойрогт горилох хэмжээний шанстай улстөрч биш. Гэхдээ гуя дагуулж хүзүү гэдэг шиг намын нөхөд чирээд л явах байх. Мөн л нүүрсний сонсголын үеэр дуулиан дагуулаад амжсан. УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын хувьд нам дотроо М.Энхболдын хүн гэж нэлээд гадуурхагдсан. Тиймдээ ч 2020 оны сонгуульд нэр дэвших эрхээ авч чадаагүй.

Тавантолгой орд газраас их хэмжээний нүүрс алдагдсан гэдэг шүгэл анх үлээж, түүгээрээ жаахан танигдсан. Өөрт чиглэсэн пиараа ч хийсэн. Гэвч төдийлөн газар авалгүй, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын сүрэнд дарагдаад дууссан түүхтэй. Түүнд дахин итгэл үзүүлэх эсэх нь намаас хамааралтай. Мөн сайн ах М.Энхболдын нөлөө түүний хувь заяаг шийдэх юм. Тэгвэл энэ тойрогт тун сонирхолтой өөр нэг нэр дэвшигч очиж буй нь Хуульзүй, дотоод хэргийн Б.Энхбаяр. Тэрбээр, өнгөрөгч сонгуулиар Баянзүрх дүүргээс сонгогдсон ч энэ удаа нүүрсний бүлэглэлтэй очиж тэмц хэмээн нам нь говь руу “томилолт” өвөртлүүлсэн гэх яриа байгаа ч эцэслээгүй байна. Тэгвэл морин цагт шийдвэрээ зарлана хэмээсэн Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд мөн л МАН-аас говийн бүсэд горилж байна.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан МАН-ын луухгаруудыг ялна гэв үү

УИХ-ын долдугаар тойргийг АН-аас УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү толгойлж, оролцохоор бололтой. Тэрбээр УИХ-д өмнө нь сонгогдон ажиллаж байсан бөгөөд хуралдаа суудаггүй, хууль санаачилдаггүй бэлэгдлийн чанартай гишүүдийн тоонд багтдаг байв. Нутгийнхаа иргэдэд бүтээн байгуулалт барьж, асуудлыг нь шийдэх гэхээс илүүтэй “гар хүндрүүлж” сурсан түүнд итгэл үзүүлэх эсэх нь энэ сонгуулиас хамааралтай.

Тиймээс энэ удаад намын гишүүдээ толгойлж, сонгуульд удирдан орж, өөрөө жагсаалт хүлээж байгаа гэх мэдээлэл байна. Долдугаар тойргийнхон АН-ынханд итгэл үзүүлэх эсэх нь Б.Наранхүүгээс хамааралтай. Учир нь нөгөө талдаа асар их эрх ашиг, мөнгөний асуудал яригдаж байгаа юм.

Тэгэхээр Б.Наранхүүгийн бай хэрхэн яаж онохоос АН-ын хувь заяа шийдэгдэх нь ээ. УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгийн хувьд “Н.Энхбаярын оймсны хүн” хэмээн нэрлэгдэж, хоёр удаа парламентын гишүүнээр сонгогдон ажилласа. Жирийн нэг өмгөөлөгчийг Н.Энхбаяр улс төрд хөтлөн оруулж, олон нийтэд таниулсан. Харин МАН, МАХН хоёр нийлсэн үеэс сайн ах Н.Энхбаяраасаа зайгаа авч, тус тусын замаа хөөж яваа. Энэ цаг үед О.Баасанхүүд АН-аас өөр түших, тулах цэг байсангүй. Үзэл бодол өөр ч, нэгдэн нийлэхийг хэчээсэн байх. Юутай ч долдугаар тойрогт горилогчдын тоонд багтаж байгааг бодвол мөр залган сууж байсан Б.Наранхүү, АН-ын дарга Лу.Гантөмөртэй ойлголцох хэмжээнд хүрчээ.

Ц.Жадамбаагийн хувьд өнгөрсөн хугацаанд хөндлөнгийн шинжээч шиг намдаа хандаж ирсэн. АН-ын эв түнжингүй цаг үед буюу тамганы хэрүүлийн үеэр хөндлөнгөөс ажиглаж, аль ч талд нь гаралгүй нам гүмхэн давж байлаа. Тиймдээ ч энэ удаагийн сонгуулиар мандат өвөрлөж байгаа хэрэг биз.  М.Энхмөнх нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны даргаар ажилладаг. Сэтгүүлч мэргэжилтэй. Өмнөговь аймгийн Ардчилсан намын Улс төрийн бодлого хариуцсан дэд даргаар ажиллаж байсан. Нутгийн иргэд нь тодорхой хэмжээнд гадарлах юм билээ. Түүнээс олон нийт төдийлөн танихгүй нэгэн.

Р.Сэддорж нь Өмнөговь аймгийн Засаг даргаар ажилладаг бөгөөд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн гарын хүн. Тэрбээр, нэгэн цагт орон нутгийн жижиг Тавантолгой ХК-ийг удирдаж байсан бөгөөд нүүрсний хулгайн хэрэгт гол тоглогчийн нэгээр нэрлэгдэж  байв.

Учир нь УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нүүрсний хулгайн хэргээр хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа юм. Түүнтэй хамт шалгагдах хүний нэг нь Р.Сэддорж билээ.

Ө.Шижир нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын хүн. Тэрбээр Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Тамгын газрын даргаар нь томилогдон ажиллаж байсан. Тиймээс МоАХ-оос долдугаар тойрогт хүч үзэхээр явж байгаа аж.

Р.Эрдэнэбүрэн нь УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан нэгэн. Түүнийг залуу үеийнхэн танихгүй билээ. Нэлээд дуулиан, шуугиантай улс төрд хөл тавьж байв. Түүнээс эрх мэдэл, албан тушаалын булхай луйврын асуудал ч холдоогүй. ЭЦА-аас түүнийг баривчилж, хууль хяналтын байгууллагын хаалга татаж явсан удаатай. Энэ удаад, аав, ээжийнхээ нутгийг бараадаж, долдугаар тойрогт хүч үзэж байгаа бололтой. 

Түүнчлэн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан долдугаар тойрогт нэр дэвшихээ зарлаж, МАН-ын гишүүдийг амлаж авч байгаа. Түүний хувьд эрэн сурвалжлах нэвтрүүлэг, нийтлэл зэргээр олон нийтэд танигдсан бөгөөд нэлээд “чанга” тойрогт хүч үзэхээр болсон. Түүний захыг мэдээж Ерөнхийлөгч Х.Баттулга мушгиж суугаа. Харин түүнд итгэл үзүүлж, сонгох эсэх нь долдугаар тойргийн иргэдийн сонголтод үлдэж байна.

"Чинээлэг малчин" төслөөр олон нийтэд танигдсан Л.Одсэр долдугаар тойрогт горилогчоор нэрлэгдэж байгаа. Түүний хувьд малчдын амьдрал ахуй, мал чанар, үүлдэр угсаанд нэлээд анхаарал хандуулдаг нэгэн. АН-ын дараагийн горилогчоор Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ажилладаг Н.Энхбат яригдаж буй. Тэрбээр, өмнө нь Өмнөговь аймгийн Засаг даргын Уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцан ажиллаж байсан аж. Энэ утгаараа өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын судсыг атгасан нэгэн гэдэг билээ.