ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шилжилт хөдөлгөөнийг шалгуулахаар ТЕГ-т шаардлага хүргүүллээ

O.Admin
2024-05-10

Ардчилсан намын “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсэг, Монголын Хүний төлөө нам, Монголын Социал демократ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Мидас ТББ-тай хамтран, өнгөрсөн болон ирэх 2024 оны УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой зөрчил, булхай, луйврын шинжтэй бодит баримтуудад анхаарал хандуулж, шударга сонгууль явуулахын төлөө нэгдэн ажиллахыг хүссэн албан шаардлагыг, ТЕГ-ын дарга П.Одонбаатарт хүргүүллээ. Уг шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА П.ОДОНБААТАР ТАНАА

2024 оны тавдугаар сарын 10​​​​​ Улаанбаатар хот

Шаардлага хүргүүлэх тухай

Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш парламент болон Ерөнхийлөгч, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуулийг тус бүр 8 удаа зохион байгуулсан.

Үндсэн хуулийн 3.2-т Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэж заасны дагуу сонгуулийн луйвар, булхай бүү хэл хууль зөрчсөн өчүүхэн үйлдэл ч хориотойд тооцогдоно.

Гэтэл сонгууль бүрээр хуулийн зөрчил, булхай, луйвартай холбоотой олон тооны гомдол, маргаан гарч, холбогдох байгууллагад очдогийн нэг жишээ бол Тагнуулын байгууллага УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар 202 гомдол, мэдээлэл /нийслэлд 157, орон нутагт 45/, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар 70 гомдол, мэдээлэл /нийслэлд 25, орон нутагт 45/ тус тус хүлээн авч шалгасан гэх ч хуулийн дагуу нэрийг нь татуулсан нэр дэвшигч, хариуцлага тооцуулсан албан тушаалтан гараагүй.

2024 он 6 дугаар сард болох УИХ-ын сонгуулиар төр, засгаа үнэн зөв, шударгаар бүрдүүлэх зорилгоор хууль бус үйлдэл, булхай луйврыг таслан зогсоож, эрх баригчдын угсарсан схем, ужгирсан тогтолцоог халахын тулд улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл ажлын хэсэг байгуулан, сонгуультай холбоотой гомдол, санал, бодит баримтуудыг нэгтгэн боловсруулж, дүн шинжилгээ хийн, тодорхой хугацаанд хамтран ажиллаж байна.

УИХ-ын 2020 оны сонгуулиар шилжилт хөдөлгөөн хийсэн иргэдийн тоо 2019 оны 10 дугаар сарын 1-нээс 2020 оны 02 дугаар сарын 1 хүртэлх 4 сарын хугацаанд нийт 230.000 орчим (нийт сонгогчдын 11%, санал өгсөн иргэдийн 15% ) байснаас 196.000 нь зөвхөн 1 дүгээр сард, 2024 оны 4 дүгээр сарын 29 хүртэлх 4 сарын хугацаанд 70.071 байсан нь өмнөх 3 жилийн мөн үеийн дунджаас даруй 15.500 орчмоор их байна.

Энэхүү сэжиг бүхий их хэмжээний шилжилт хөдөлгөөнүүд сонгуулийн өмнө хийгдсэнийг бид сонгуулийн дүнд нөлөөлөх гэсэн дотоодын мөнгө санхүүгийн бүлэглэл болон гадаад улсын ашиг сонирхол байж болзошгүй хэмээн үзэж байна. Сонгууль хууль бус, булхайтай явагдах нь Үндэсний аюулгүй байдлын эсрэг ноцтой гэмт хэрэг мөн.

Иймд дээрх онцгой анхаарал татахуйц үйлдлийг шалган тогтоож, хариуг 5 дугаар сарын 17-ны дотор ирүүлнэ үү.

Хүндэтгэсэн.

Ж.Баярмаа