ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол инженерүүд 127.1 километр төмөр замыг өөрсдөө барьж байна

O.Admin
10 цагийн өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн нийт 127.1 километр төмөр замын бүтээн байгуулалтын 87.2 километр нь дууслаа. Төмөр зам ирэх есдүгээр сард ашиглалтад орно. Төсөл ашиглалтад орсноор эхний жилд 3.5 сая тонн, цаашдаа 20 сая тонн хүртэл ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүйгээр тээвэрлэх боломж бүрдэх юм. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар дээр нь ажиллаж, үүрэг өгөв.

Тэрбээр, "Уулыг нь нүхлээд, усан дээгүүр нь гүүр бариад төмөр замаа тавьж чаддаг болсны үр дүнд 127.1 километр төмөр замыг анх удаа монголчууд өөрсдөө барьж байгааг хараад бахархлаа. 2024 онд газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, олон хүний аминд хүрэх шахсан харамсалтай осол гарч байлаа. Энэхүү цагираг хэлбэрээр баригдаж буй төмөр замаар 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй болон химийн аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх юм.

Зарим газраа доошоо 54 метр ухаж, зарим газраа уул толгодыг нүхэлж, 476 метр төмөр бетонон гүүрийн ажлыг та бид нүдээрээ харлаа. Монголчууд өөрсдөө бүтээж босгож чаддаг болжээ. Энэхүү бүтээн байгуулалтад 4000 гаруй инженер, техникийн ажилтнууд, 95 дотоодын ААН гар бие оролцож байна. Монгол инженер, техникийн ажилтнуудаараа маш их бахархлаа. Та бүхэндээ баяр хүргэе. 9 дүгээр сардаа багтаад ашиглалтад орох нь тодорхой юм байна. Нэмэлт бригад гаргаад шугам сүлжээг чөлөөлөх ажлыг эрчимжүүлнэ. Эрчим хүч, дулаан дамжуулах сүлжээний шугам сүлжээг шилжүүлэх, чөлөөлөх ажлыг яаравчлах үүргийг өгч, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ" гэлээ. 

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 километр төмөр замын төслийн ач холбогдол:

-Шатахуун, тэсэрч дэлбэрэх бодис зэрэг 34 нэр төрлийн аюултай ачааг хотын дундуур тээвэрлэхгүй

-Хөшигийн хөндийд баригдах Тээвэр логистикийн төв төслийг эрчимжүүлэх

-Хүннү, Зуунмод, Майдар зэрэг дагуул хотуудын тээврийн дэд бүтцийг шийдвэрлэх

-Жилд 20-25 сая тонн ачааг Улаанбаатар хотыг тойруулан төмөр замаар тээвэрлэх

-144 минут автозамын хөдөлгөөн хаадаг хугацааг 90% бууруулах

-Хоногт 1800 орчим том оврын автомашиныг нийслэлийн хөдөлгөөнд оролцуулахгүй байх

-976 хүн шинээр байнгын ажлын байраар хангагдах

-13 ачаа терминалуудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх зэрэг ач холбогдолтой. 

Төслийн бүтээн байгуулалтад дотоодын 95 ААН, 4,000 гаруй инженер, техникийн ажилчид оролцож, III зэрэглэлийн ачаа, зорчигч тээврийн зориулалттай 127.1 километр гол зам, 177.4 километр дэлгэмэл урт бүхий, 3 зөрлөг, 4 өртөө барьж, байгуулахаар төлөвлөжээ.