Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс дөрөвдүгээр сарын 27-оос тавдугаар сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 110 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 78 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 977 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 946 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн гурван хэрэгт нийт найман объектод нэгжлэг хийж, хоёр хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан.
