ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай байна

O.Admin
4 цагийн өмнө

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд, Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээлэл өглөө.

Мөн Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг тус тус сонслоо.

Улсын хэмжээнд 113 мянган малчин өрхөд 65.7 сая мал өвөлжиж, хаваржихаар байна. Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг 19 чиглэлд төлөвлөн ажиллаж байгааг албаны эх сурвалж хэллээ. Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 755 төсөл арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлснээс гүйцэтгэл 95 хувьтай байна.

Монгол Улсын Засгийн газрын 36-р тогтоолоор Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороо байгуулагдан ажиллаж байгааг БОХХААБХ-оор хэлэлцлээ.

Монгол улс 197 улстай өрсөлдөж COP-17-г зохион байгуулах эрхтэй болсон. Олон улсын нэр хүндтэй энэ хурлыг Монгол Улсад зохион байгуулснаар, Хөдөө аж ахуйн салбарт 500 сая орчим доллар, бусад салбарт нийтдээ 1.5 тэрбум орчим доллартай тэнцэх хэмжээний төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалт манай улсад үлдэнэ гэж тооцоолж байгаа юм.