ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Цэнгүүн: Халамжийн зардал сүүлийн таван жилд 3.4 дахин өссөн

O.Admin
16 цагийн өмнө

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Сүүлийн гурван сонгуульд МАН ялалт байгуулсан. Ингэхдээ улсын төсвийн суурь бүтцийг оновчгүй болгож эвдэж, хавтгайрсан халамж, татаасыг ихээр олгож, үр дүнд нь ялдаг арга барилтай болсон.

Тухайлбал, халамжийн зардал сүүлийн таван жилд 3.4 дахин өссөн. Таван хүн тутмын дөрөв нь ямар нэг байдлаар халамж авч байна. 2018 онд олгосон нийт нийгмийн халамжийн хэмжээ 623 тэрбум байжээ. Энэ халамжийг нийт хүн амын 71.2 хувь буюу 2.3 сая хүн авч байсан. Харин өнгөрсөн жилийн хувьд нийт олгосон халамжийн хэмжээ 2018 оныхоос 3.4 дахин ихсэж 2.1 их наядад хүрсэн. Мөн халамж авагчдын тоо 1.2 дахин нэмэгдэж нийт хүн амын 77.6 хувь нь халамж авчээ. Өнгөрсөн оны нийт халамжийн дийлэнх хэсэг буюу 71.5 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмж бүрдүүлж байгаа.

Засгийн газар төрийн албыг цомхон болгоно, Төрийн өмчит компаниудыг алдагдлыг бууруулж, үр ашиггүйг нь татан буулгана гэж байнга ярьдаг. Гэвч Засгийн газрын оруулж ирсэн төсвийг дүгнэвэл энэ үйлдэл нь харагдахгүй байна. Төрд ойролцоогоор 80 их наяд төгрөгийн өмч байна.

Алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудаа хувьчилж, орлого төвлөрүүлэх боломж ч байгаа. Анх 2020 оны тавдугаар сарын 6-нд МАН-ын Засгийн газар сонгуулийн өмнө зургаан сарын хугацаанд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож,  Засгийн газраас 547тэрбум гаргахаар шийдвэрлэсэн байдаг. Үүний үр дүнд МАН 62 суудал авсан. Түүнийхээ дараа энэ мөнгийг болиулж чадалгүй өнөөг хүрсэн.  2024 оны сонгуулийн өмнө МАН ЭТТ хувьцааны ногдол ашиг нэрээр нэг хүнд 350.000 төгрөг буюу нийт 1.1 их наяд төгрөгийг 2024 оны цагаан сарын өмнө тараасан. Түүнийхээ дараа сонгуульд зориулж 2024 оны дөрөвдүгээр сард “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилж, Засгийн газрын мөнгөөр төрийн албан хаагчдыг дайчилж, малчдад 842 тэрбум төгрөгийн зээл олгосноос 38.8 тэрбум нь эргэн төлөгдсөн байдалтай байна.

2023-2025 онд Монгол Улс 3,5 их наяд төгрөгийг ХАА-н салбарт урамшуулал, дэмжлэг хэлбэрээр олгосон. Бодит байдал дээр ХАА салбарын үйлдвэрлэл 50 хувиар унасан.  2024 онд улсын төсвөөс НДС-д 1,175.7 тэрбум төгрөг, цахилгаан, дулаан, эрчим хүчний алдагдлыг нөхөх, шөнийн тарифын хөнгөлөлтөд 221.6 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн урамшуулал, хүүгийн хөнгөлөлтөд 316.1 тэрбум төгрөг, бусад салбарын татаас санхүүжилтэд 62.7 тэрбум төгрөг, нийт 1,776.1 тэрбум төгрөгийн татаас олгосон байна.

Дэлхийн банк болон ОУВС-ын тайланд “Татаас нь зорилтот бүлгийг хамгаалах ч, зохистой бодлого, засаглалын орчин дутмаг нөхцөлд үр ашиггүй, алдагдалтай төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дэмжих, бүтцийн шинэчлэлийг удаашруулах, шинэ хөрөнгө оруулалтаас зайлсхийх сэдэл болдог”, “Эрчим хүчний татаас нь үр ашиг, хариуцлагыг бууруулж, санхүүгийн сахилга батыг сулруулан, засаглалыг доройтуулах хандлагатай байдаг” гэж дүгнэсэн.

Эдгээрийг дүгнэвэл Засгийн газар өмнөх жилүүдийнхээ алдааг давтаж, үр ашиггүй төсөв оруулж ирээд хамгаалсаар байгаа юм. Төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлээ дэмжсэн, эдийн засгийг төрөлжүүлсэн төсөв гэж дүгнэхээргүй байна” хэмээлээ.