ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Таймлесс” компани бүтээгдэхүүнээ 100 хувь Норвег улсад экспортолдог

O.Admin
8 цагийн өмнө

2007 онд байгуулагдсан “Таймлесс” компани “Тova” брэндийн  бүтээгдэхүүнээ 100 хувь Норвег улсад экспортолж байна. Мөн 2019 оноос “Mesgi” брэнд бүтээн дотоодын зах зээлд борлуулж байна.

Компани жилд 20,000-25,000 хос эсгий шаахай, 3,000-5,000 олбог, 10,000 хос улавч, бусад бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Нийт 46 ажилтантай. “Цагаан алт” хөтөлбөрт хамрагдан 235 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авсан. Ингэснээр үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмж, ноос, будаг, химийн материал авах, ажиллах орчноо сайжруулах зэрэг боломж бүрдсэн тухай компанийн захирал С.Мөнгөнчимэг ярилаа.     

“Цагаан алт” хөтөлбөр цаг үеэ олсон, үйлдвэрлэгчдэд бодлогын болон санхүүгийн бодит дэмжлэг үзүүлж байгаад талархаж байлаа. Мөн үндэсний хөтөлбөр 2028 онд хэрэгжиж дуусах хэдий ч, цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үздэгээ илэрхийлэв.

Энэ жил “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл хэлбэрээр 300 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 489 тэрбум төгрөг олгоно. Мөн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66 тэрбум төгрөг зарцуулна.

Өнөөдрийн байдлаар 93 аж ахуйн нэгж 478 тэрбум төгрөгийн зээл аваад байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шат ахиулах, тэр дундаа малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж, ахуй амьдралыг нь сайжруулах зэрэг  нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

2.1 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий энэ хөтөлбөр хэрэгжсэнээр ноос, ноолуур, арьс ширний боловсруулалтын түвшнийг 4 жилийн хугацаанд хоёр дахин өсгөж, үйлдвэрлэл, экспортыг 2-3 дахин нэмэгдүүлж, нийтдээ 8,000 гаруй шинэ ажлын байр бий болох юм.

Тухайлбал ноолуурын салбарын борлуулалтын орлого гэхэд л одоогийнхоос 4-5 дахин, арьс, шир, нэхийнийх 2-3 дахин нэмэгдэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.