ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХӨНДӨХ СЭДЭВ: Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
7 цагийн өмнө

УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы танхимын өндөр индрээс хууль боловсруулагчдад үг хэлдэг бус УИХ-ын чуулганы хуралдааны тэг дунд зогсоод гишүүдэд мэдээлэл өгдөг, асуултад хариулдаг болж өөрчлөгдсөн билээ. Тэгвэл шинэчилсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар анх удаа УИХ-ын асуулгын цагт оролцож, АН-ын гишүүдтэй бодлогын мэтгэлцээн хийлээ.

Тодруулбал, АН-ын гишүүдийн зүгээс “Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ” гэсэн сэдвийн хүрээнд нийгмийн олон салбарын тулгамдсан асуудлаар асуулт бэлтгэж, Ерөнхий сайдаас асуув. Мөн улс төрийн бусад хүчний төлөөллүүд ч асуулт асууж, хариулт авлаа. Анх удаагаа болж буй энэхүү мэтгэлцээний үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэний дэмжлэг, Оюутолгойн төсөл, багш, эмч нарын асуудал хийгээд бизнес эрхлэгчдийн бэрхшээл зэрэг олон сэдвүүд хөндөгдөв. Тус мэтгэлцээнийг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Хөдөлмөрлөсөн хэр нь ядуураад байгаа иргэдээ яах вэ. Инноваци, эдийн засгийн эрх чөлөө гэдэг зүйл л өсөлт авчирч, сайн сайхан амьдралыг бий болгодог. Засгийн газар зоригтой бодлогын өөрчлөлт хийх үү. Гудамжинд эмч багш нар гарчихсан байна. Олон улсад эдгээр хүмүүс бол жинхэнэ дундаж давхаргынхан. Гэтэл бодит байдал дундаж давхаргынхан маань гудамжинд дунджаас доошоо оруулчихсан байна?

Ерөнхий сайд Г.Занданшатар: Нэг жилийн өмнө Эдийн засгийн хөгжлийн сайдаар танай намын гишүүн Лу.Гантөмөр ажиллаж байсан. Хэрвээ тэр үед энэ асуудлыг ярьсан бол гэж бодох ёстой. Алт, зэсийн үнэ өндөр байхад багш, эмч нарын цалингаа нэмчихсэн бол. Бид зүгээр суусан юм биш. Яриа хэлэлцээ хийгээд явж байгаа. Өнгөрсөн жилүүдэд ганц ч төгрөгөөр нэмэгдүүлэхгүй байж байгаад одоо ярьж байна. Гүйцэтгэлийн цалингийн тогтолцоонд шилжүүлсэн нь үнэн. Цаашдаа ч гүйцэтгэл дээр тулгуурласан цалингийн тогтолцоог бий болгож, үе шаттай нэмээд явна. Хөдөлмөрлөсөн хэрнээ ядуурч буй нь манай эдийн засгийн хамгийн эмзэг асуудал. Үүнийг засахын тулд бид таван жилд эрс шинэчлэл хийхээр явж байгаа юм. Халамжаас хөдөлмөрт шилжье. Зөвхөн уул уурхайгаас хамааралтай бус дижитал шилжилт, инноваци шингэсэн эдийн засгийн бодлогыг бий болгоё. Оюуны гадагшлах урсгал Монгол Улсын хамгийн том эмгэнэл болоод байна. Шударгаар хөдөлмөрлөж байгаа нь сайхан амьдардаг бус уул уурхайг дагасан хэсэг нь хөрөнгөждөг, баяждаг, тэрний цаана авлига нуугдаж байгаа учраас өөрчлөлт хийх хэрэгтэй. Боловсролын салбарт гэхэд багш нараасаа олон ажилчид байдаг. Бизнесийн салбарт ч ялгаагүй.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Таны тэргүүлж байгаа Засгийн газар бага, дунд орлоготой өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх инфляцын дарамтаас хамгаалах ямар бодлого баримтлах юм бэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар: Өргөн хэрэглээний барааны үнийн 70 хувь нь нийлүүлэлтээс хамааралтай. Монгол Улс экспортлогч бус импортлогч улс шүү дээ. Хэрэглээний сагсны гол үнийн өсөлт нь мах, гурил, цахилгаан, дулааны төлбөрөөс гадна сургалтын төлбөр инфляцийг хөөрөгдөж байдаг. Тиймээс бид энэ хэдэн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг онилсон бодлого явуулж эхэлсэн. Өрхийн орлого найман хувиар өсөж байгаа ч инфляци өндөр байхаар иргэд ядуурч байгаа. Гурил 942 төгрөг байснаа 1500 төгрөг болсон, нэгдүгээр гурил 3400 болсон гэх мэтээр тариалан эрхлэгчдэд татаас өгч байгаа ч гурилын үнэ өссөөр байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: Эмч багш нарынхаа цалинг хэдхэн хувиар нэмж явсан бодлогын алдааны золиосыг өнөөдөр хүүхдүүд сурах эрхээрээ хохирч төлж байна. Боловсролын багц хуулийн олон заалтууд амьгүй байгаа учир бид шинэчилж өргөн барьсан. Энэ хуулийг хурдан хэлэлцэж хэрэгжүүлмээр байна. Багш нарын нийгмийн асуудлыг даруйхан шийдэх үү?

Ерөнхий сайд Г.Занданшатар: Дэлхийн аль ч улс оронд чинээлэг дундаж давхаргын гол төлөөлөл нь багш нар байдаг. Багш эмч нараас нийгмийн хөгжил, соён гэгээрэл шалтгаалдаг. Үндэсний статистикийн гаргасан мэдээгээр улсын хэмжээнд 2025 оны хоёрдугаар улирлын байдлаар дундаж цалин 2.7 сая төгрөг байна. Гэтэл шинээр төгсөж ажилд орж байгаа багшийн цалин 1.4 сая төгрөг. Гар дээрээ сая гаруйхан төгрөг авч байгаа багш яаж ажиллах вэ. Нийт сурагчдын 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод байгаа. Тэгэхээр нийслэлд багшийн ачаалал маш өндөр бөгөөд залуу багш нарын ачаалал ихсэж байгаа учраас бухимдах нь аргагүй. Хуурмаг аргаар өнгөрсөн хугацаанд цалинг нэмсэн төдий явсан учраас ядуурал руу эрчимтэй гулсаж байгаа гэсэн шүүмжлэлийг бид хүлээж авсан. Юуны түрүүнд хамгийн бага цалин авч байгаа багш нарынхаа цалинг нэмэх асуудлаар Үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөлд орно. Мөн та бүхний өргөн барьсан хуулийн төсөлтэй танилцсан. Төсвийн рамтайгаа харьцуулж үзээд зарчмын хувьд дэмжиж байгаа. Багшийн цалинг 1000 ам.долларт хүргэх бодлого хуультай уялдаад хэрэгжээд явна. Багшийн хүүхдээс нэгийг нь тэтгэлэгт хамруулах зэрэг олон заалтуудтай танилцаад явж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: АМНАТ бол татвар биш. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу бүх компани өсөн нэмэгдэх АМНАТ төлөх үүрэгтэй. Та Оюутолгой компанитай гэрээ хэлэлцээрийн ширээнд сууж байгаа энэ үед энэ асуудлыг шийдвэрлэж чадах уу?

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хөрөнгө оруулалтын гэрээг батлаад татварын бодлогыг тогтворжуулсан шийдвэрийг УИХ-аас гаргасан. Засгийн газар өөрчлөх боломжгүй. Тухайн үед би Хөрөнгө оруулалтын энэхүү гэрээг дэмжээгүй учраас санал хураалтад оролцоогүй. Гэрээ Монголын ард түмэнд үр өгөөжтэй байх ёстой. Засгийн газрын байр суурь бол Оюутолгой төслийн өгөөжийг Монголын талдаа Үндсэн хуулийн зарчимд нийцүүлж ашигтай байлгах. Тиймээс зээлийн хүүгийн хэлэлцээрийг хийгээд явж байна. Хөрөнгө оруулалтын гэрээг нэг тал дангаараа өөрчлөх эрхзүйн үндэс байхгүй. Зарчмын хувьд зээлийн хүүг бууруулахаар тохиролцлоо. Менежментийн зардлыг мөн бууруулахаар ярилцлаа. Үүний үр дүнд үр ашиг сайжрах юм. Зальтай санхүүгийн асуудлыг зогсоох яриа хэлэлцээр одоо явж байна гэж ойлгож болно.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Ядуурлын шугамаас доогуур түвшинд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ яах вэ. Ямар бодлого баримтлах юм. Зургаан хувь нэмнэ гэхээр 17000 төгрөг нэмэгдэнэ. Миний зүгээс 30 хувиар нэмэх санал гаргасан үүнийг хэлэлцэх үү?

Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол Улсын хэмжээнд ядуурал 27 хувьтай байгаа. Хөдөө орон нутагт 36 хувьтай буюу зарим бүс нутагт нэлээд өндөр. Ядуурлын гол шалтгаан хавтгайрсан халамж гэдэг ч зорилтот бүлэг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ халамжийн бодлогоо түлхүү хүргэж чадахгүй байгаа нь үнэн. Хоолны талон зэрэг мянгат малчид хүртэл авч байдаг үр ашиггүй халамжийн бодлогод шинэчлэл хийж, хавтгайрсан халамжийг оновчтой зорилтод бүлэг рүүгээ шилжүүлэх бодлогын шинэтгэл хийж байж урт хугацаанд ядуурлыг тогтвортой бууруулах юм.

Хавтгайрсан халамжийг бууруулж, зорилтод бүлэгт хүргэхийн тулд Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг урамшуулах, салбар дундын уялдааг хангах зэрэг бодлого хэрэгжүүлж байна. Хувьчилж нэмэхээр бага тэтгэмжтэй хүмүүс бага нэмэгдээд байгаа учраас тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг арай өөр байдлаар хийнэ.

Төсвийг анх нийт иргэдээр хэлэлцүүлсэн. Төрийн ордонд хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн уулзалт хийж байхад би орж уулзсан. Тэгэхэд та халамжийг 30 хувиар нэмэх тухай яриагүй шүү. Ингэж нэмчихвэл инфляци бүр алга болно. Долларын ханш өсөж, мөнгөний ханш суларна. Нэмсэн биш бүр иргэндээ дарамт болох гэнэтийн өсөлт шахаад байгааг гайхаж байна.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Баялгийн хулгайтай тэмцэнэ гэж байгаа таны хүсэл зориг тэмцэл чинь хууль эрхзүйн хувьд яаж "биежих" юм. Нийтийн албан тушаалтын хууль бус хөрөнгийг хураах, иргэний журмаар нөхөн төлүүлэх тухай хуулийг Засгийн газраас өргөн барьсан байгаа. Авлигын эсрэг энэ багц хуулийг та дэмжих үү?

Ерөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газар хууль тогтоох эрх мэдэл эдэлдэггүй. Таны өргөн барьсан хууль УИХ дээр байгаа. Хууль тогтоох бүрэн эрх мэдлийнхээ хүрээнд хуулийг хэлэлцэх явцад дарамт шахалт үзүүлэх хориотой. Хэлэлцэн батлах асуудал нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал юм. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн, нийтийн хөрөнгийг шамшигдуулсан, нийтийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох хууль бусаар олсон орлогыг хураах эрхзүйн орчныг бий болгох үүргийг долдугаар сард Засгийн газрын хуралдаанд үүрэг болгосон. Яг ийм гэмт хэрэг үйлдээд тогтоогдсон хөрөнгийг мөн хураахыг үүрэг болгосон. Энэ ажил маань явж байна. Байгаа эрхзүйн орчны хүрээнд би албан даалгавар өгсөн хэрэг. 328 эзэн холбогдогчтой нүүрсний хэрэг гэхэд шийдэгдээгүй явж байна. Авлигын индексийг бууруулахад гурван цогц өөрчлөлт хэрэгтэй юм билээ. Нэгдүгээрт, бодлогын өөрчлөлт. Хоёрдугаарт, олон нийтэд шилэн болгох. Албан тушаалтны хяналтаас ард түмний хяналт илүү учраас бүгдийг шилэн болгох ёстой.

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр: Монгол төгрөгийн ханш маш их унаж байна. Монгол төгрөгт итгэх итгэл ч унаж байгаа. Төгрөгийн ханшийг нь унагахгүй байхад ямар бодлогын арга хэмжээ авах бэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар: Мөнгөний ханшны уналт зөвхөн дундаж давхаргад ч бус нийт ард иргэдэд нөлөөлж, халаасыг нь хоосолж байгаа. Төгрөгийн ханшийн уналт үндсэн гурван шалтгаантай. Нийлүүлэлтийн шалтгаан нь өмнө хэлсэнчлэн Монгол Улс үйлдвэрлэгч улс биш учраас тэр шүү дээ. Импортоор бүх зүйлээ авдаг чөтгөрийн тойргоос болж гадагшаа валютаа зараад, ханш тогтмол өсөөд байгаа юм. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээгүйгээс болж импортоос хамааралтай болчихож. 1992 оноос хойш монгол төгрөг 44 дахин үнэгүйдсэн шалтгаан ерөөсөө үйлдвэржилтээ дэмжээгүйгээс хамаарчээ. Жоохон нүүрс, алт, зэсээ импортолж олсон мөнгөөрөө бид гаднаас бараа авч байна шүү дээ. 

УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан: Монгол Улсад дундаж давхарга хамгийн хүнд байдалд байгаа. Монголчууд барилга барьж, зам тавьж чадаж байна гэтэл дандаа гаднын компаниуд ажиллаж байна. Үүн дээр ямар бодлого баримтлах юм. Мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, импортын бүтээгдэхүүнийг орлох бараа бүтэгдэхүүнийг сонгодог болгох талаар та ямар бодлого баримтлах бол?

Ерөнхий сайд Г.Занданшатар: Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмждэггүй, тэдний бүтээгдэхүүнийг худалдан авдаггүй байдлаас болж дундаж давхаргаа дэмжихгүй байх цаашлаад үнэ ханш өндөр байх шалтгаан болдог. Тиймээс Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болчихоод байгаа. Энэ хуулийн үр дүнд эх оронч худалдан авалтыг дэмжих, илүү чанартай бүтээгдэхүүнийг худалдан авснаар ажлын байрыг мөн дэмжих юм. Дотоодын үйлдвэрээ дэмждэг худалдан авалт бий болсноор үйлдвэрүүд хөл дээрээ тогтож, ажлын байрыг бий болгоно. Хөгжиж буй Азийн орнууд бүгд импортын татвар өндөр тавьж дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалдаг. Манайх өврөө дэлгэчихсэн юм шиг үндэсний үйлдвэрлэгчдээ дэмждэггүй бодлоготой. Дотоодод үйлдвэрлэж байгаа бүх бүтээгдэхүүнийг унагах гэж байгаа юм шиг татвар, зээлийн бодлого явдаг.  Тиймээс таван жилийн бодлогын чиглэлдээ эдийн засгийн бүтцийн реформ хийх цогц бодлогыг оруулж ирсэн. Энэ бол эрс шинэчлэлийн бодлогын нэг хэсэг юм. Тухайлбал, 320 сая ам.долларын ноолуурыг түүхийгээр нь экспортолж байгаа. Гэтэл утас болгоод гаргахад л тэрбум ам.доллар орж ирнэ.