ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Цогтгэрэл: УИХ-ын дарга, Ерөнхий сайдын асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой

O.Admin
14 цагийн өмнө

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг огцруулах асуудлаар нэгдсэн байр сууринд хүрсэн гэж бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдлээ.

Тэрбээр, “Ирэх долоо хоногт миний бие албан бланк дээрээ Нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барина. Ойрын өдрүүдэд ил гарч байгаа эрх баригчдын зөрчил тэмцлийн асуудлаар байр сууриа ярилцлаа. Энэ асуудлыг хэлэлцэж дуусгах хугацаа аравдугаар сарын 17 буюу баасан гараг. Тиймээс АН бүлэг гурван асуудлаар байр сууриа нэгтгэлээ.

Нэгдүгээрт, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой. Засаглал хоорондын асуудал болж хувирсан учраас ар араас нь биш нэг өдөр хэлэлцэж, төрийн тэмцлийг зогсоох ёстой. Намын асуудал төрийн асуудал болчихлоо.

Хоёрдугаарт, эдгээр асуудлаар бүлгийн нэгдсэн байр сууриа бид одоо зарлахгүй. Тухайн үедээ асуудлыг хэлэлцэж эхэлмэгц гаргана.

Гуравдугаарт, эрх баригч нам хоёр тал болж, төрийн өндөр албан тушаалтнууд нь маргалдаж буй учраас энэ хуралдааныг цөөнхөөс томилогдсон Дэд дарга буюу УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдорж хуралдааныг удирдах ёстой” гэлээ.