ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХӨНДӨХ СЭДЭВ: Тамганы зодооноо дуусгаж, том төслүүдээ явуулахгүй юм уу, улстөрчид өө

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
15 цагийн өмнө

Чин үнэнийг хэлэхэд энэ улсад “Эрдэнэт” үйлдвэр гэдгээс өөр уул уурхайг ойлгохгүй явж байсан тэр цаг үе хамгийн амар, амгалан байж дээ гэж халаглах өдөр ч олон болж байна. Амтай бүхэн л баялагтаа эзэн байх тухай ярьж, улс төрийн намууд бүхэн сонгуулийн уриа лоозон болгосны гайгаар уул уурхайн талаар мэдэхгүй хүн ч гэж энэ улсад алга болов.

Улстөрчид нь хөрөнгө оруулагчдаа шантаажилдаг, дарамталдаг, тэднээр дамжуулан нэр төр олдог, эгэл иргэд нь баялгийг ухаж, ашиглаж биш дарж хэвтэж байвал ашигтай гэж ойлгодог, би энэ баялгийнхаа эзэн нь учраас хэнд нь ухуулахгүй гэдэг мугуйд бодлоор улдан гацаадаг, хулхины эх орончид нь нэгээс мөнгө авч нөгөөг нь очиж дарамталдаг, гадны улс орнуудын хөл гар болж дотоодын аж ахуйн нэгжүүдээ намнадаг байдлаар хэчнээн ч оныг үдэж байна вэ, бид.

Товчхондоо, Монгол Улс энэ их баялгаасаа болж хөгжиж дэвших бус хуваагдаж, талцаж, зодолдсоор сүйрч дуусах вий гэдэг айдас эрхгүй төрөх болов. Анх Чалькод нүүрсээ зарж, эх орны хишиг тараасан тэр цагаас эхлэн уул уурхай бол ашигтай гэдгийг ойлгосон хулхи эх орончид том төслүүдийг албаар гацааж, тэр хэрээр шантааж хийж мөнгө олж болох юм байна гэдэг ойлголттой болсон нь үнэн.

Улстөрчид нь ч ялгаагүй Оюутолгой зэрэг том төслийг хөдөлгөж буй гадаадын хөрөнгө оруулагч нараа хуулиар айлган сүрдүүлж, элдэв янзын популист улс төр хийсээр эргэж ирэхгүй болтол нурууг нь авч буй нь ч үнэн. Оюутолгойн төсөл хэрэгжээд хэдийнэ 10 гаруй жил өнгөрчихөөд байхад л өнөөдрийн хүртэл Арбитрын шүүх дээр маргаантай, татварын асуудлаар талцаж хэрэлдсэн, Онтрэг хэрхэх талаар ч нэгдсэн ойлголтгүй явж байгаа.

Тавантолгойг тал талаас нь зулгаасан улстөрчид нүүрсчид хэмээн нэгнээ цоллож, улс төрийн тавцангаас нэгнээ арчих зэвсгээ нүүрс болгоод удлаа. 20 гаруй жил гацсан төмөр замын төсөл нь арайхийн хоёр улсын Засгийн газрын дэмжлэгээр хөдлөх гэтэл дахиад л намын тамганы төлөө зодолдсон дарга нар улсынхаа эдийн засгаар туг тахин нөгөөх төслөө зогсоогоодхов.

Энэ том төслийн араас хөдлөх учиртай хүлээгдэж буй Эрдэнэбүрэнгийн УЦС, Халзанбүрэгтэй, Францын талтай хийх ураны төслүүд ч улс төрийн тодорхойгүй байдлаас болж дахиад л гацаанд орж, төрийн шийдвэр тогтвортой байх эсэхийг хүлээгээд таг зогслоо.

Дэлхий дахин газрын ховор элементээр хэн гол тоглогч байх вэ гэдэг уралдаан зарлаж, бидний хойд хөрш ОХУ гэхэд л 1.5 тэрбумын гарааны хөрөнгө оруулалтыг зөвхөн энэ салбартаа хийж, 2030 он гэхэд үйлдвэрлэлээр БНХАУ-ын араас буюу хоёрдугаарт бичигдэх зорилго тавиад явж байна.

Томторын газрын ховор элементийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд 45 тэрбум рублийн хөрөнгө оруулалтыг Засгийн газраас нь хийлээ. Бидний урд хөрш БНХАУ гэхэд дэлхийд энэ салбарт хамгийн том тоглогч болж, дэлхийн нийлүүлэлтийн 70 хувийг ганцаараа хангаж байгаа. Газрын ховор элементийн ордын 40 хувь нь БНХАУ-д байдаг гэхээр тэд ирэх жилүүдэд ч энэ салбарт манлайлагч, тэргүүлэгч хэвээр байна.

Гэтэл энэ зах зээлд цоо шинээр орж, тоглогч болж, цаашлаад эхний 10 байр булаалдахгүй юм гэхэд эдийн засгийн цоо шинэ урсгал оруулж ирэх учиртай газрын ховор элементийн ганцхан төслөө ч гэсэн ядахдаа энэ улс урагшлуулмаар байх юм.

Уран олборлолтын зах зээлд ч Монгол бол хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулахгүй бол тамын тогоон дотроо Тавантолгойгоо тойрч хэрэлдсээр Монгол Улс хөгжлөөс хол хоцроод үлдлээ. Дэлхий дахин нэн шинэ өрсөлдөөний салбаруудад хөрөнгө санхүү хаяж, нано технологи, AI зэргээр шинэ бүхэн рүү хүчтэйгээр өрсөлдөж байхад бид нөгөөх л шанагатай нүүрсээ тойрч хэрэлдсээр суугаа нь шившиг биш гэж үү. Тиймээс л уул уурхайг улс төрөөс холдуулъя гэж хэлээд байгаа юм. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ч өнгөрөгч баасан гарагийн хуралдааны үеэр "Уул уурхай, хуулийн салбар хоёрыг үлдэх нэргүй, мөргүй болтол нь улстөрчид зодоондоо ашиглаад дууслаа даа" хэмээн халаглаж харагдана билээ. Энэ бол үнэхээр үнэн үг. Уул уурхайгаас болж бид хэдэн Засгийн газраар тоглож, хэчнээн улстөрчийг намнав. Үндсэндээ уул уурхай бидэнд ирсэн боломж биш хараал болж хувирсныг нуух юун. 

Өнгөрсөн алдаагаа үнэлж дүгнээд ирээдүйд алдаа гаргахгүйгээр том төслүүдээ хөдөлгөхгүй юм бол энэ улсад ирээдүй үнэндээ харагдахгүй байна. Тавантолгойгоос өөр уул уурхай байдгийг ухааръя. Оюутолгойгоос өөр олон арван орд газраа эдийн засгийн эргэлтэд зөвөөр бас хуулийн дагуу оруулъя.

Хувийн хэвшлээ дэмжиж, хөрөнгө оруулалтын орчныг нь ээлтэй болгож, төрийн төмөр нүүрийг заримдаа харуулж, тэднийг ажлаа явуулах орчноор нь хангаж өгье. “Маргааш би санал авч байвал Монгол Улс хөгжих эсэх нь хамаагүй” гэсэн популист улстөрчдөдөө төр нь сануулга өгч, улс орны эрх ашигт хэрэгтэй төслүүдийг улдан гацаагсадтай хуулийн дагуу хариуцлага ярьдаг болохгүй бол энэ улсад урагшаа явах нэг ч төсөл, хөрөнгө оруулалт байхгүй боллоо. Төртэйгөө, уул уурхайтайгаа хамт улсаараа тэг зогсолтод орчихоод байгааг ойлгох улстөрч байна уу.

Төр гаргасан шийдвэртээ бат зогсдог, түүнийгээ хэрэгжүүлдэг байя. Хоолоо олж идэж буй энэ салбараа ядахдаа намын тамганы зодоондоо ашигламааргүй байх юм. Ирээдүйд ашиг авчрах энэ салбараа хайрлаж, юу ч үлдэхгүй болтол нь нүдээд бас дуусгачихмааргүй байх юм. Алдаа оноотой ч ажил хийх гэж, энэ улсын хөгжилд хувь нэмрээ оруулах гэж хөрөнгө санхүү босгоод явж байгаа цөөхөн хэдэн дотоодын аж ахуйн нэгжээ улс төрийн зодоондоо өөд, уруугүй ашигласаар нурууг нь авчихмааргүй байх юм. Гэвч өнөөдрийн зодоондоо ч тэд уул уурхай, хэдэн компаниудаа ашигласан хэвээр. "Нэг нь хулгайч юм чинь нөгөөх нь бас хулгайч л байгаа" гэдэг өнцгөөр бус хуулийн дагуу ашиглаад, хөрөнгө оруулалтаа хийгээд явах эрүүл орчныг нь бүрдүүлж өгөөд энэ салбараас хуруу, хумсаа татвал яадаг юм бэ, улстөрчид өө.

Хэдхэн өдрийн өмнө гэхэд л Халзанбүрэгтэй ордыг тойрч бүтэн өдөржин хуралдсан. Галзуу солиотой нь мэдэгдэхгүй хэсэг бүлэг хүмүүс гадны захиалгаар энэ төслийг гацаасан гэдгийг монголчууд цугаар сонссон, үзсэн. Араас нь төрийн шийдвэр албажин гарч “Төслийг хэвийн үргэлжлүүл. Тэр боломжоор орон нутаг нь хангаж өг” гэчихсэн атлаа өнөө хэр төсөл урагшилсангүй. Хувийн хэвшлээ дуудаж уулзаад ажил хийх боломжоор нь хангаж өгсөнгүй.

Францын талтай гар барин ёслол үйлдэж, Төрийн ордны их танхимдаа гэрээг эхлүүлэх төсөлд гарын үсэг зурсан атлаа дахиад л төр нь таг чиг алга болох нь тэр. Харбин хотноо хүртэл үзэг цаас болж шуугиан тарьж, 20 гаруй жилийн дараа хил холболтын төмөр замын гэрээгээ зурсан ч дахиад л дотоодын улс төрөөс болж түүнийгээ гацаачихаад бүгд буруу байсан мэтээр яриад сууж байна, тэд. Ийм байдлаар, яг ингэж төр ажиллах юм бол энэ улсад үнэндээ ирээдүй огт харагдахгүй болсныг саарал ордонд суугаа 126 хүн, тамганы зодоонтой Төрийн гурван өндөрлөг маань ойлгодог болов уу гэж халагламаар өдрүүд хэзээ дуусах бол. Тамганы зодооноо дуусгаж, улс орны хөгжилд нэн чухал том төслүүдээ хөдөлгөж, дэлхийн хөгжил дэвшил рүү ядахдаа нэг см-ээр ч болов дөхөхгүй юм уу, улстөрчид өө.