ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төв талбайд ард түмэн нь жагсаж түшээд нь харин Төрийн ордноо уушийн газар болгов

O.Admin
2 өдрийн өмнө

Төрийн ордонд таван сая төгрөгийн цалинтай атлаа “Шүүгч цалин өндөр байхгүй бол авлигад өртөх магадлалтай” хэмээн өмгөөлүүлдэг, эгэл иргэний төлөө биш эрх баригчдын өмнө үйлчилдэг болсон шүүх засаглалынхан дулаахан өрөөнд, тухтай сандал дээр хуран чуулж байхад Төв талбайд харин хүний амь аврах тангараг өргөж, 24 цагаар ажилладаг атлаа хүүхдийн мөнгийг хасуулж байж л цалингаа нэмүүлэх учиртай болсон эмч нар цалингаа 3.5 сая төгрөг болгож өгөөч хэмээн аргаа баран жагсаал хийв.

Төрийн ордонд намын тамга булаадсан хоёр том улстөрчийнхөө талд гарч эгнэн жагссан улстөрчдөөс хэн нь ч тэдний энэхүү тэмцлийг тоосонгүй.

Төрийн ордонд тэд эрх мэдлийн төлөө хэмлэлдэн хэрэлдэж, уйлах шахам нэгнээ загнаж, чи бага идсэн, би бага идсэн, чиний идсэн нь баримттай хэмээн зодолдож, эрх мэдлийн төлөө эвлэрэл ярин гүйлдэж явахад тэтгэврээ 1.5 сая болгох гэсэн ахмадууд хэдэн өдрөөр Төрийн ордныг гороолов. Бод доо. Азийн нэг хөгжингүй оронд дөрвөн өдөр л ажил хийгээд олчих цалингаар сарын амьжиргаагаа залгуулах гэж тэд хэдэн өдрөөр ордон тойрч гороолоход хэн ч тоож гарч ирж уулзсангүй. 

Сонгож гаргасан төлөөллүүдэд нь даргын суудалд хэнийг үлдээж, хэнийг хаанаар томилох вэ гэдэг л чухал байна.

Бүтэн долоо хоног эмч, багш нар ээлжлэн Төв талбайг, Төрийн ордныг гороолж байхад гуравхан өдрийн өмнө арайхийж Ерөнхий сайд нь тэднийг тоож уулзахдаа “Бор тээгийг эдийн засгийн эргэлтэд оруулчихвал та нарын цалинг нэмнэ ээ” хэмээн бараг л даапаалаад гаргалаа.

Ухаад эхэлчихсэн гэх ордоо ухаж ч эхлээгүй, эдийн засгийн эргэлтэд хэзээ орохыг ч мэдэхгүй, хамгийн хоржоонтой нь өрсөлдөгч улстөрчөө намнаж буй ордыг жишээ болгон нэрлэж байгаад “Та нарын цалинг нэмнэ ээ” хэмээсэн нь Гүйцэтгэх засаглалын тэргүүний чин сэтгэлийн үг бус улстөржсөн, үл тоосон, намын зодоондоо багш нарын тэмцлийг ашигласан үйлдэл болон уншигдав.

Ерөөс хамгийн органикаар жагсаж буй эмч, багш нарын энэ тэмцэл УИХ-д ч, Ерөнхий сайдад нь хамаагүй болж, сөрөг хүчин нь хүртэл сайдын суудал хэн нь илүү амлах бол хэмээн яс горьдсон нохой аятай эрх баригч намын зодоонд хоёр талд гарч гүйгээд завгүй яваа нь үнэн.

Өнгөрсөн пүрэв гарагт гэхэд л УИХ-аар удтал гацаад байсан 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж эхлэв. Гэтэл тэр танхимд талаас илүү гишүүд нь суусангүй. “Төрийн ажил одоо л гацаанаас гарч, төр одоо л нэг ажлаа хийх нь ээ” хэмээгээд хамгийн түрүүнд өргөн барьсан төсвөө батлуулж, өөрсдийн салбарын эрх ашгаа хамгаалах гээд гүйж явах учиртай Засгийн газрын сайд нар нь гэмт хэрэг хийсэн нь шүүхээр нотлогдоогүй УИХ-ын даргыгаа огцруулна, хариуцлага тооцно гэчихсэн нийтээрээ гарч зогсоод улстөржсөн мэдэгдэл хийгээд зогсож байхыг та бид цугаар хоёр нүдээрээ харлаа, үзлээ.

Эрчим хүчний салбар нь дампууралд орж, ирэх өвлийг давах эсэхээ ч мэдэхгүй атлаа Б.Чойжилсүрэн сайд нь баганын араас нүүрээ ч бүтэн гаргаж ирж чадахгүй ичиж буй атлаа улстөржсөн мэдэгдэл хийгээд зогсож байна.

Хөдөө аж ахуйн салбараа өөрийнхөө бизнес хийдэг аймаг руу ачаад явчихсан, төрийн бодлого шийдвэрийг үл тоодог ЖДҮ-чин Ж.Энхбаяр сайдад энэ өвөл бид үнэтэй гурил идэх үү, тариалан эрхлэгчид ургацаа бүрэн авсан, тэр байтугай хахир хатуу өвөлд хэдэн малчид нь хамаг малаа тавиад туучихгүйхэн шиг тэсэж үлдэх эсэх нь огтхон ч сонин биш болсон.

Төрийн тэргүүнд хов зөөж, Төрийн ордонд “эрх муужгай” хэмээн цоллуулах болсон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уг нь гадаад харилцааны талаар багахан ч болтугай мэдлэгтэйсэн бол гадна талдаа бидний энэ улстөржилт яаж харагдах бол хэмээн ухамсарлаж сэтгээд намын зодооны тэрхүү хуваагдалд өөрөө ядахдаа үлгэрлэн хамгийн өмнө гарч ирээд зогсохгүй байв.

Гэвч намаа ч, төрийн удирдагчдаа ч хоёр хуваасан “ховч” хэмээгдэж буй энэ эмэгтэйд улс орны нэр хүнд, эрх ашгаас илүү томилсон эзэндээ тод томруун үйлчлэх эрх ашиг чухал байжээ. Нэгэн цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зөвлөж явсан зөвлөхүүд нь цугаар дуу нэгдэн гарч ирснээрээ энэ зодооны ард хэн буйг бүрнээ хэлээд өгөх шиг болов.

Нүүрсний хулгай нь намынх нь бус төрийн хараал болж, уул уурхайн бүлэглэлүүд ээлжлэн төр самарч, шатахуун тасарсан тасраагүйн тухай хэрүүл нийгмийг талцуулсан сэдэв болж байхад салбарын ажлаа эмхлээд цэгцлээд явж байх учиртай Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны сайд нь хүртэл ичсэндээ хамгийн ард зогсчихсон атлаа хувийн эрх ашгаа хамгаалаад зогсож байх нь тэр.

УИХ-ын чуулганаар улсынхаа төсвийг хэлэлцүүлээд зогсож байх сайд нар нь кноп тоолохоор хуралдаа ч суухгүй алга болох зуур улсын эрх ашгаа хамгаалах гэж хоёрхон сайд сууж буйг ч УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан хэлсэн үгэндээ онцолно билээ. Тэрбээр, “Энэ Засгийн газраас юугаа ч асуухав. Хоёр сайд л танхимд байна. Бусад нь кнопоо тоолж яваа. Энэ Их хуралд ажил хийе гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй залуус их орж ирсэн. Тэр хүмүүсийг нэг, нэгээр нь гударч чирээд миний талд санал өгөөч гэж хэлээд явж байна. Би энэ Засгийн газрын эс үйлдэхүйг үзэн ядаж байна. Юм мэдэж байгаа мөртлөө хийдэггүй” хэмээн бухимдав. Үндсэндээ төр нь УИХ, Засгийн газраараа талцаж, жагсаалтын гишүүд нь Д.Амарбаясгаланд үйлчилж, Засгийн сайд нар нь Ерөнхий сайддаа тал засаж гүйсээр төрийн ажил гацаанд орж, Монгол Улс харин эзгүйдэв.

Энэ дунд хамгийн оновчтой улс төр хийж, туйлдсан иргэдийн дуу хоолойг сонсож, тунг нь тааруулсан улс төрөөр оноо аваад сууж байх учиртай Ардчилсан нам нь Засгийн газрыг огцруулахад гар өргүүлэхгүй гэж намынхаа улстөрчдийг гадаад явуулна гэж шахаж, “Төсөв буцаая. УИХ-ыг Д.Амарбаясгалангаар удирдуулахгүй байя” гэсэн явцуухан улс төр хийгээд сууж байх ажээ.

Өрөөлийн нам нь бид төр удирдаж чадахгүй нь ээ, огцруулаад өгөөч гэж байхад “Та нар чадна аа” гэж гараа өргөдөг сөрөг хүчнийг энэ дэлхийн хаанаас ч хайгаад олохгүй байх. Гэтэл сайдын суудал өгчихвөл засгийг чинь хамгаалаад үлдье гэсэн улс төр хийж яваа О.Цогтгэрэлд намын даргын зангараг, сөрөг хүчнийг зөв удирдах улс төрийн өчүүхэн төдий ч мэдрэмж алга.

Үндсэн хуулиар шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцдоггүй хуультай. Гэтэл “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хулгайч биш гэдгээ нотлоод ир” гэдэг мэдэгдлээрээ хүртэл хүний эрхийн мэдрэмжгүй, ардчиллын наад захын суурь баримжаагүй, талцсан намын зодоон дунд хэнд үйлчилж байна вэ гэдгээ тод томруунаар нотолж байгаа нь харин үнэн.

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ч гэсэн мэдрэмж алга. Шидсэн чулуу болгоны өөдөөс өрвөлздөг уяаны нохой аятай Ерөнхий сайд Г.Занданшатарын шидсэн чулуу болгоны өөдөөс давхиж, ар өвөргүй мэдэгдэл хийж, төрийн ажлыг УИХ дээр гацааж, төр түмний өмнө нэр нүүрээ барах хэрэг ч байдаг юм уу. Үндсэндээ УИХ, Засгийн газар, сөрөг хүчинд өнөөдөр ажил хийж байгаа улстөрч нэг ч алга.

Ах нар нь эморч нэгэнтэйгээ дуугарахаа больж, албан тушаалын наймаанаас болж Төрийн ордон архины газар болсныг залуу гишүүд нь шүүмжилж байна. Нөгөөх л эрх мэдэл, албан тушаалын төлөө нэгнээ шонд өлгөж, шоронд хатаадаг өс хонзонгийн улс төрөөс үүдэн эхлүүлсэн том төслүүд нь эргээд уналтад орж, яам тамгын газар нь ажлаа ч хийхээ болив.

Төсвийн хэлэлцүүлэг нь эзэнгүй болж, Төрийн ордон харин архины үүр уурхай, албан тушаалын наймаа ярьсан бүлэглэлд эзлэгдэв. Төв талбайд нь ард түмэн цалингаа нэмүүлэх гэж жагсаж байхад тэдний төлөөлөл болсон түшээд нь харин Төрийн ордноо уушийн газар болгов. Ийм арчаагүй төр засагт эмгэнэл илэрхийлэхээс өөр яалтай.

Ийм болгосон хүмүүсийн зодоон нь эцэслэгдэж, засагтайгаа, УИХ-тайгаа хариуцлагаа ярьж, чаддаг хүмүүс нь төрөө удирдвал яадаг юм бэ. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаараа мэтгэлцээнээ хийж, улс орны эрх ашгаа нэн тэргүүнд тавьж болохгүй юу гэтэл баахан хэрэлдэж суугаад дахиад л тарж одоцгоов. Эвлэх нь ээ гэж баярлах уу, ингэтэл ард түмнээ талцуулчихаад гэж уйлах уу. Төрийн нууц гэрээнүүд, нүүрсний хулгайн асуудлаа нэг мөр цэгцэлж, туйлдсан ард түмнээрээ хүртэл улстөрждөг энэ бохир улс төрөө зогсоох нь ээ гэж баярлах ёстой юу.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь нэн яаралтай хуралдаж, зодолдсон хоёр талаа зогсоохгүй юм уу, Ерөнхийлөгч өө. Төрийн ордонд улстөрчдөө хагалсан хоёр дарга нар ард түмнээ хагалж, эмх замбараагүй байдал үүсгэхийг хүлээгээгүй л юм бол Гүйцэтгэх засаглал нь хүртэл танхимаараа улстөрждөг энэ тэнэглэлийг одоо зогсооё, та минь ээ. 

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин